Зөвлөгөө
Шувууны томуу өвчний төлөв байдал (2020 оны 02-р сараас 2021 оны 02-р сар)
2773

  1. Олон улс дахь шувууны томуугийн А хүрээний вирусээр үүсгэгдсэн шувууны өвчлөлийн мэдээлэл

Америк, Ази, Европ тивийн нийт 39 улс орны шувууны аж ахуй болон нүүдлийн шувуудын дунд А хүрээний томуугийн 10 дэд хэвшинж бүртгэгдээд (зураг-1) байна. Нийт тохиолдлын 131 тохиолдол нь буюу ойролцоогоор тал хувь нь өндөр хоруу чанарт H5N8 хэвшинжээр үүсгэгдсэн байна. Нийт тохиолдлын 76% нь нугас, галуу, тахиа зэрэг шувууны аж ахуйд бол бусад тохиолдлууд нь зэрлэг шувуудын дунд бүртгэгдсэн байна. Зэрлэг шувууд буюу  цахлай, галуу, нугас, хунгийн төрлийн шувууд өвчилсөн ба цөөн тохиолдолд хэрээ, шонхор, тагтаа зэрэг шувууд өртсөн.  Нийт 9 сая гаруй шувууд өртсөн ба үүнээс 0,25% зэрлэг шувууд байв. Хүн амын өсөлт, байгаль орчны доройтол, цаг уурын дулаарал, хуурайшилт зэргээс үүдэлтэй шувууны томуугийн дэгдэлт Зүүн-Азийн улс оронд шинээр болон дахин дэгдсээр байна. Иймд Монгол оронд нүүдлийн шувуудаар дамжин халдвар ирэх эрсдэл байсаар байна.

Зураг 1. 2020 оны 2-р сараас 2021 оны 2-р сар хүртэлх хугацаанд А хүрээний вирусээр үүсгэгдсэн шувууны өвчлөлийн тархалт

  1. Дэлхий дахинд шувууны томуугаар үүсгэгдсэн хүний өвчлөлийн мэдээлэл:

Шувууны томуугийн нийт 16 дэд хэв шинж бүртгэгдсэн ба үүний H5N1, H5N6, H5N8, H6N1, H7N4, H7N9, H9N2, H10N8зэрэг дэд хэв шинжийн вирус нь хүнд халдварладаг болохыг тогтоогоод байна.

Дэд хэвшинж Нийт тохиолдол Хамгийн сүүлд бүртгэгдсэн хүний өвчлөлийн тохиолдол
H5N1 2003 оноос хойш А хүрээний H5N1 хүрээний өндөр хоруут томуугаар хүн өвчилсөн 862 тохиолдол бүртгэгдэж, 455 хүн нас барсан. БНАЛАУ-н Сараван мужид 1 настай эмэгтэй хүүхэд 2020 оны 10 дугаар сарын 13 нд нус гоожих, амьсгалахад хүндрэлтэй болох, ханиалгах зэрэг өвчний шинж тэмдэг илэрч 10 дугаар сарын 16 нд эмнэлэгт хандсан байна. Өвчтөн шувууны аж ахуйд ойр амьдардаг байсан байна. 2005 оноос хойш Лаос улсад бүртгэгдэж байгаа 3 дахь тохиолдол ба өмнөх 2 тохиолдол нь нас барсан.
H5N6 2014 оноос хойш нийт хүн өвчилсөн 29 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан. БНХАУ-ын Гуйжоу мужид 3 настай эмэгтэй  хүүхэд 2020 оны 12 дугаар сард өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан боловч нас барсан. 2 дахь тохиолдол нь БНХАУ-ын Аньхуй мужид мөн 1 настай эмэгтэй  хүүхэд өвчилсөн ба өвчтөн бүрэн эдгэрсэн. Тус тус тохиолдлууд нь шувууны аж ахуйд ойр амьдарч байсан түүхтэй байна.
H7N4 2018 оны 2 дугаар сарын 14-нд БНХАУ-д А хүрээний H7N4 вирусээр хүн өвчилсөн зөвхөн 1 тохиолдол бүртгэгдсэн.
H7N9 2013 оноос хойш шувууны томуугийн А хүрээний (H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн нийт лабораториор батлагдсан 1568 тохиолдол бүртгэгдсэнээс 616 нь нас барсан. 2013-2018 хүртэл 5 жилийн хугацаанд БНХАУ-ын Бээжин хот болон бусал 5 мужид шувууны томуугаар өвчилж, эмчлэгдсэн 61 иргэдэд хийсэн тандалт судалгаагаар амьсгалын дутагдал илрүүлэх цээж чагнах, цээжний компьютертомограф, уушгины үйл ажиллагааны сорил хийсэн. Энэхүү халдвар нь өмнө мэдээлж байснаас илүү удаан хугацаанд уушгинд нөлөөлж байгааг тогтоосон ба судалгаагаар уушги гэмтэж, уушгины үйл ажиллагаа алдагдаж байгааг тогтоогоод байна.
H9N2 2015 оноос хойш шувууны томуугийн А хүрээний (H9N2) вирусын хүний өвчлөлийн нийт 29 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-ын Фужянь мужийн Сямэнь хотын 52 настай эмэгтэй  2021 оны 1 дүгээр сарын 02 нд өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан. Өвчний шинж тэмдэг хүндрээгүй бөгөөд өвчтөн бүрэн эдгэрсэн. Өвчтөн шувууны аж ахуйд ойр амьдарч байсан түүх байхгүй. 2020 онд энэхүү хэвшинжийн вирусээр халдвар авсан 16 дахь тохиолдол болж байгаа ба бүгд БНХАУ-д бүртгэгдээд байна. H9N2 вирус нь хоруу чанар бага, энэ өвчнөөр хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.
H6N1 2013 оны 5 дугаар сарын 5-нд БНХАУ-д А хүрээний H6N1 вирусээр хүн өвчилсөн зөвхөн 1 тохиолдол бүртгэгдсэн.
H10N8 2013 оны 5 дугаар сард БНХАУ-д А хүрээний H10N8 вирусээр хүн өвчилсөн 4 тохиолдол бүртгэгдсэн.
H5N8 2021 оны 02 сарын 20 нд Оросын өмнөд нутагт шувууны аж ахуйн 7 ажилтан H5N8 вирусээр өвчилсөн 1 тохиолдол бүртгэгдсэн. Бүх хүнд өвчний шинж тэмдэг бага илэрсэн ба хүнээс хүнд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. 2020 оны 10-р сард анх нүүдлийн шувуудад илэрч эхэлсэн ба сарын дараагаас шувууны аж ахуйдад бүртгэгдэж эхэлсэн. Шувуудын намрын нүүдлийн зам дагуу буюу Европын холбооны улсууд, Иран, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс оронд үргэлжлэн бүртгэгдэж эхэлсэн байна.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter