Зөвлөгөө
КОВИД-19 ба амьдралын шинэ хэвшил
1640

Шинэ коронавируст халдвар буюу КОВИД – 19 нь дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүдийн нэг юм . Нийгэм бүхэлдээ энэ өвчний шууд ба дам нөлөөнд автаж, дэлхий дахинд тус цар тахлаар 6 сая гаруй нас баралт бүртгэгдээд байна. Энэхүү цар тахлын аюулыг багасгах, арилгахын тулд олон улсад засгийн газар ба иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурласан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг хичээж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг вирусын халдвар урт хугацааны туршид оршин тогтнохыг хүлээн зөвшөөрч засгийн газруудад эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх цаашлаад ирээдүйн нийгмийн эрүүл мэндийн онцгой байдалд бэлтгэх хэрэгтэйг анхааруулж байна.

Цар тахлын нөлөөгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой op, оношлуурын хүрэлцээний асуудал, хүний нөөцийн хомсдол зэрэг эрүүл мэндийн салбарт асар олон хүндрэл үүсч байгаа бол, цахим хичээлийн улмаас боловсролын чанар буурах, хол хорионы улмаас бизнесийн салбарын үйл ажиллагаа доголдох, эдийн засгийн уналт үүсэх зэргээр хүмүүсийн амьдралын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Цаашид эдгээр хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах нь КОВИД – 19 цар тахлын үеийн нийгэмд өөрсдийн шинэ дадал зуршлыг хэрхэн бий болгож, дасан зохицож чадахаас хамаарах нь тодорхой байна. Иймээс бид нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч улс орны хувьд төдийгүй иргэд оновчтой хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж дасан зохицож даван туулах хэрэгтэй юм.

КОВИД – 19 цар тахлын улмаас гэрээсээ ажиллах, гэр бүлийнхэндээ зарцуулах цаг нэмэгдсэн, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж хэвшсэн зэрэг хүмүүсийн амьдралын хэв маягт эерэг хандлагууд гарч зарим халдварт өвчний эрсэлд өртөх явдал эрс буурсан ч хөдөлгөөний дутагдалд орох, сэтгэл санааны хямралд орох зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна.

Энэ бүгдэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, нотолгоонд тулгуурласан үнэлэлт дугнэлтийг мэргэжлийн байгууллагууд өгч засгийн газар хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх, иргэдийн шинэ нөхцөлд дасан зохицох үйл ажиллагаанд бодлогоор дэмжлэг үзүүлэх, бүх талын нөөцийг бүрдүүлэх замаар иргэдтэйгээ нягт хамтран ажиллаж “Амьдралын шинэ хэвшил’-д дасан зохицох үйл явцыг түргэсгэх нь учирч буй хор хохирлыг бууруулах гол арга болоод байна. Дэлхий нийтээр шинэ нөхцөлд дасан зохицож эрүүл мэнд, нийгэм, эдийн засгаа хамтдаа сэргээх арга замыг хайж эхэллээ. “Амьдралын шинэ хэвшил’ гэдэг нь аливаа хямралын дараа эдийн засаг, нийгмийн тогтсон хэв маяг нь хямрал эхлэхээс өмнө давамгайлж байсан нөхцөл байдлаас ялгаатай байхыг хэлэх ба энэ нэр томъёог Дэлхийн 1 – р дайн, 2007-2008 оны санхүүгийн хямрал, 2001 оны 9 – р сарын 11 – ний халдлага, 2008-2012 оны дэлхийн эдийн засгийн уналтын дараах үр дагавар, КОВИД – 19 цартахал болон бусад олон үйл явдлуудтай холбогдуулан хэрэглэсэн.

КОВИД-19-ийн үеийн “Амьдралын шинэ хэвшил, хэвийн байдал’-ыг бий болгох асуудал бүхний анхаарлын төвд байж хамтдаа бий болгох явдал хамгийн чухал юм. Иргэн та өөрийн хобби , гэр бүл, ажил болон хувь хүний онцлогт тааруулан өөрийн “Амьдралын шинэ хэвшил’-ийг тодорхойлж хэрэгжүүлээрэй. Халдвараас урьдчилан сэргийлэх дадал зуршлыг өөрсдийн “Амьдралын шинэ хэвшил’-ийн нэгэн хэсэг болгон хэрэгжүүлэх нь өөрийнхөө болон хайртай хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй нийгмийн эрүүл мэндэд ач тусаа өгөх болно. Хамтдаа амьдралын шинэ хэвшил, дадлыг бий болгоё.

 

Нийтлэгдсэн огноо: 2022.07.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter