Цаг үеийн
Экваторын Гвинейд анх удаа Марбургийн цусархаг чичрэгийн тохиолдол бүртгэгдлээ
1065

 

Марбург вирусийн фотомикрограф. [Галвестон дахь Техасын их сургуулийн анагаах ухааны салбар]

Бразавил/Малабо – Экваторын Гвиней улсад энэ оны 2-р сарын 13-ны өдөр анх удаа Марбургийн цусархаг чичрэгийн халдварын дэгдэлт бүртгэгдлээ. Тус улсын зүүн хэсгийн Ки-Нтем мужид наад зах нь есөн хүн нас барсны дараа хийсэн урьдчилсан шинжилгээний дүнгээр нэг дээж эерэг хариу үзүүлжээ.

Тухайн дүүргийн эрүүл мэндийн албаныхан хоёрдугаар сарын 7-ны өдөр өгсөн анхааруулгын дараа Экваторын Гвинейн эрүүл мэндийн байгууллага ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр өвчний шалтгааныг тодорхойлуулахаар дээжүүдийг  Сенегал дахь Пастерийн институтийн лавлагаа лаборатори руу илгээсэн байна. Пастерийн хүрээлэнд шинжилгээ хийсэн найман сорьцын нэгээс нь Марбургийн вирус илэрсэн. Одоогоор есөн хүн нас барснаас гадна халуурах, ядарч сульдах, цусаар бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг бүхий 16 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Илрүүлэг судалгаа үргэлжилж байгаа ба урьдчилсан багууд өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүстэй холбоо барих, тусгаарлах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор гамшигт өртсөн дүүргүүдэд ажиллаж байна. Мөн ДЭМБ-аас тархвар судлал, олон нийтийн тохиолдлын менежмент, халдвараас урьдчилан сэргийлэлт, лаборатори болон эрсдэлийн харилцааны чиглэлээр мэргэшсэн эрүүл мэндийн яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийг ажиллуулж, үндэсний хариу арга хэмжээг дэмжих, дэгдэлтийг хянах олон нийтийн хамтын ажиллагааг баталгаажуулах зорилгоор онцгой байдлын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар хүчин чармайлт гаргаж байна.

ДЭМБ-аас дээжийн шинжилгээнд зориулж биоаюулгүйн кабинет (3-р зэрэглэл), эрүүл мэндийн 500 ажилтны хэрэгцээ хангах хувийн хамгаалалтын хэрэгслийг багтаасан багц тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал доктор Матшидисо Моети үг хэлэхдээ “Марбург бол өндөр эрсдэл бүхий халдварт өвчин. Экваторын Гвинейн эрх баригчид өвчнийг илрүүлж, баталгаажуулах шуурхай бөгөөд шийдэмгий арга хэмжээ авсны ачаар яаралтай тусламжийг хурдан шуурхай хүргэж чадлаа. Бид олон хүний амийг аварч, вирусийн тархалтыг аль болох хурдан зогсооно” хэмээжээ.

Энэхүү өвчин нь хоруу шинж өндөртэй бөгөөд нас баралтын түвшин 88% хүртэл байдаг. Марбург нь Эболийн цусархаг чичрэг өвчин үүсгэдэг вирустэй нэг овогт  харьяалагддаг. Марбургийн цусархаг чичрэгийн өвчлөл нь огцом эхэлдэг бөгөөд халууралт, толгойн хүчтэй өвдөлт зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Долоо хоногийн дотор олон өвчтөнд хүнд хэлбэрийн цусархаг шинж тэмдэг илэрдэг. Вирус нь жимсний сарьсан багваахайнаас хүнд дамждаг өвчин бөгөөд халдвар авсан хүний биеийн шингэн, хүрэлцсэн эд материал, гадаргуутай шууд харьцах замаар хүнээс хүнд халдварладаг.

Вирусийг эмчлэхэд зөвшөөрөгдсөн вакцин, вирусийн эсрэг эмчилгээ байдаггүй. Гэсэн хэдий ч амны хөндий болон судсаар шингэн сэлбэх, өвөрмөц шинж тэмдгийг эмчлэх зэрэг тусламж үйлчилгээ нь өвчтөний амьд үлдэх чадварыг ихэсгэдэг. Одоогоор цуснаас гаргаж авсан бүтээгдэхүүн, дархлааны ба эмийн эмчилгээ зэрэг олон боломжит эмчилгээний аргууд, түүнчлэн 1-р шатны вакцинуудад үнэлгээ өгч байгаа аж.

Вирус нь жимсний сарьсан багваахайнаас хүнд дамждаг [The Washington post]

Эх сурвалж: https://www.afro.who.int/countries/equatorial-guinea/news/equatorial

-guinea-confirms-first-ever-marburg-virus-disease-outbreak

Нийтлэгдсэн огноо: 2022.02.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter