Зоонозын өвчнүүд
Криптоспоридиоз (сryptosporidiosis а07.2)-ын тархалт, судлагдсан байдал
1619

Криптоспоридиоз нь эгэл биетэнээр үүсгэгддэг, ходоод нарийн гэдэсний үрэвслээр илэрдэг зоонозын халдварт өвчин.

Тархалт:

Дэлхий дахинд:

Дэлхийн бүх газар нутагт тархсан. Амралт, тоглоомын зориулалттай усан тоглоомын газрууд, усан сэлэлтийн сан, нуур болон бохирдсон ундны ус хэрэглэсэнтэй холбоотойгоор халдвар гардаг. Хөгжиж буй улс орнуудын хүмүүсийн бараг 65%-д нь криптоспоридиозийн үүсгэгчийн эсрэг эсрэгбие тодорхойлогдсон байдаг бөгөөд Баруун Европ, АНУ-д 25-35%-тай байгаа талаар зарим судлаачид мэдээлсэн байдаг.

Монголд:

ЗӨСҮТ-өөс ОХУ-ын Гамалейн нэрэмжит Халдвар, нян судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран 2009-2010 онд хэрэгжүүлсэн төсөлт ажлын хүрээнд криптоспоридиоз өвчний байгалийн голомтыг тогтоосон бөгөөд Баянхонгор, Ховд, Хэнтий, Сэлэнгэ аймгийн үхэр, туулай хэлбэртэн, мэрэгч амьтны баасны 8.7%-д криптоспиродозын ооцист (Cryptosporidium sp) илэрсэн байна.

Улсын мал эмнэлгийн хүрээлэнд 2012 онд хийгдсэн тандалт судалгаагаар 12 аймгийн 67 сумаас тугалын 3379 баасны дээж цуглуулж шинжилсэн бөгөөд Булган, Дархан-Уул, Хэнтий, Төв, Архангай, Хөвсгөл, Увс, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Улаанбаатар зэрэг газрын тугалын баас криптоспоридиозиор халдварлагдсан болох нь тогтоогдсон. Харин Дорноговь аймгийн Зүүнбаян багт тугалын баасанд криптоспоридиозын халдваржилт илрээгүй байна. Дээрх халдваржилт илэрсэн аймгуудаас хамгийн өндөр халдварлалттай нь Дархан-Уул (40%), Булган (16.6%), Улаанбаатар (26.5%) байсан бөгөөд криптоспоридын өвөрмөц ДНХ илэрчээ. Малын баасны дээжийг олшруулах гинжин урвалаар шинжлэн C.parvum, C.andersoni зүйлийн криптоспоридиоз болохыг тогтоосон байна.

БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2012-2013 онд хийгдсэн хамтарсан судалгаагаар цочмог суулгалтаар өвчилсөн хүний өтгөнөөс C.parvum-ын генийг молекул биологийн шинжилгээгээр илрүүлж, криптоспоридиоз нь цочмог суулгалт өвчний нэг шалтгаан болдгийг нотлон халдварын тархалтыг тогтоосон байна. Мөн C.parvum үхрийн генотипийн удмын шинж төрхтэй болохыг тодорхойлж, эгэл биетнүүд мал, амьтнаас хүнд халдварладаг болохыг илрүүлжээ.

2016 онд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хийгдсэн криптоспоридиозын эмнэлэгт суурилсан тандалт судалгааны ажлын үр дүнд ХӨСҮТ-өөс ирүүлсэн 94 өвчтөний өтгөний сорьцоос дархан туяаралт бичил харуурын шинжилгээ болон полимеразын гинжин урвалаар  1 сорьцод  эерэг дүн үзүүлж, халдварт өртсөн болохыг тогтоосон байна.

 Нийтлэсэн огноо: 2017.05.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter