Нохой (Canis lupus familiaris) – Гэрийн тэжээмэл амьтан, хүний хамгийн дотны нөхөр
1758 онд Линнейн ангиллаар нохойг чонын овогт тусад нь нэг зүйл болгосон бол 1993 онд Смитсоны институт, Америкийн Териологийн ассоциац дахин хийсэн ангиллаар чонын дэд зүйл болгосон. Биологийн үүднээс авч үзвэл нохой – Сүүн тэжээлтний анги, махчдын баг, чонын овогт багтдаг.
Нохойн юм сурах, бусад амьтныг бодвол хүнтэй илүү ойрхон байх чадвар, нийгэмсэг амьдралын хэлбэр зэргээс хүн өөрийн дотны нөхөр болгож өөрсдийн хэрэгцээгээр анч, хамгаалах, малч, тээврийн, гоёлын гэх мэт олон үүлдэр бий болгожээ. Хүйсийн хувьд эр, эм(жингэр) нохой гэж ялгана.
Нохойн үүсэл: Нохойн үүслийн талаар олон онол байдаг ч одоогоор чоно ба цөөвөр чононоос үүссэн гэх онол илүү бодитойд тооцогдож байна. Эрдэмтдийн дунд нохойг олон өвгөөс, нэг өвгөөс үүссэн гэх үндсэн 2 үзэл байдаг. Нобелийн шагналт Конрад Лоренц чоно, нохойн зан төрхийн хувьд харьцуулсан судалгаа хийж нохойг чоно, цөөвөр чононоос үүсэлтэй болох онол дэвшүүлсэн. Одоо ч гэсэн зан төрхийн, морфологийн, молекул – генетикийн түвшинд нохой чононоос үүсэлтэйг баталсаар байна.
Анх нохойг хэрхэн тэжээмэл болсон талаар олон үзэл эрдэмтдийн дунд байдаг. Зарим эрдэмтэд хүн чононд хандсан гэж үзэж байхад нөгөө зарим нь чоно өөрөө хүнд ойртсон гэж үзэж байна. Аль ч тохиолдолд эхний гэршсэн чононууд удам зүйн хувьд цааш өсөж олшрох, олон янз болох генетикийн материалаар боломжит хэмжээнд байсан.
Ноход бол тэжээвэр амьтдын хамгийн анхдагч билээ. Шинжлэх ухааны хувьд нохойн гэршсэн үйл явцын хугацааны хувьд маргаантай байдаг. Хадны сүг зураг болон бусад археологийн олдворууд эрдэмтдэд дээрх хугацааг тодотгож өгч байна. Эртний хүмүүсийн амьдарч байсан олон агуйнуудаас нохсын эрмэл олдвор олдож байдаг. Ийм археологийн олдворуудаас нохойн гэршсэн үйл явцыг МЭӨ 13 – 15 мянган жил гэж үзэж болохоор байдаг. Гэтэл Алтайн уулсаас олдсон олдворыг үзэхэд МЭӨ 30 мянган жилийн тэртээх гэршсэн нохой байдаг. Энэ олдворыг молекул – биологийн түвшинд шинжлэхэд 100 – 130 мянган жил болж байв. Калифорнийн их сургуулийн Роберт К. Уэйн тэргүүтэй судлаачид молекул – биологийн түвшинд чононоос нохойнд шилжих ДНХ–н өөрчлөлтийг судалж 135 мянган жил гэж тогтоосон байна. МЭӨ 100 мянган жилийн тэртээх чонын чулуужсан ясны олдворыг тухайн үеийн хүмүүсийн амьдарч байсан газраас олжээ. Антропологчид эртний хүмүүс нохойг хамгийн түрүүнд ангийн зорилгоор ашиглаж байсан гэж тооцож байна. Энэ нь тэдний хүнс тэжээлээ олоход нохойн дэм чухал байсантай холбоотой. Улмаар өөрсдийгөө урьдчилан хамгаалах харуулын, хүйтэнд биеийн элчээ солилцож дулаацах, хоол тэжээлийн үлдэгдлээ цэвэрлүүлэх зэрэг үүргүүд нэмэгдсээр ноходтой байхад цааш амьдрах боломж улам нэмэгдэж байв.
ДНХ–н судалгаа: Нохойн үүсэл, эволюци хөгжлийг одоо молекулын түвшинд судалж байна. Брөүдын их сургуулийн эрдэмтэн Керстин Линдблад – Тох тэргүүтэй консорциум нохойг 39 хос хромосом, 2,4 тэрбум нуклеотидын суурьтай болохыг тогтоожээ. Мөн ноход 400 орчим удамшлын өвчинтэй болохыг тогтоосон. Олон өвчний хувьд ноход хүнтэй ойролцоо болохыг үр хөврөл, эволюци, биологийн аргаар тогтоосон.
Америкийн биологи Robert Wayne олон үүлдрийн нохдод ДНХ-н судалгаа хийж хүмүүс хойд туйлаас анх нохойг (туйлын чоныг гэршүүлж нохой болгосон) авчирч тараасан болохыг баталсан. Мөн уг судалгаагаар ноход бүх тивүүдэд зөвхөн өөрсдөө тараагүй, харин хүмүүстэй хамт тархсан болохыг баталж байна. Удамзүйн олон талт байдал нь Зүүн Азиас (тэдний уламжлалт нохой аж ахуйгаас гаралтай) угшилтай байдаг. Нохойн геномыг харахад 99,85 хувь нь нохойн үндсэн шинжийг, үлдсэн 0,15 хувь нь янз бүрийн үүлдрүүдийн шинжийг илэрхийлж байдаг.
Нохойн үүлдэр: Үүлдэр гэдэг ойлголт зөвхөн зоотехникийн бус соёл түүхийн ойлголт багтдаг. Янз бүрийн үүлдрийн нохдыг харахад гадаад байдал төдийгүй зан төрх бусад шинжүүдээр ихээхэн ялгаатай байдаг. Жишээ нь: Өндрийн хувьд зарим ноход (чихуахуа) хэдхэн см байхад зарим нь м гаруй, өнгө гэхэд хараас цагаан хүртэл бүх өнгийг агуулдаг.
Нохойн үүлдрийн олон шинжит байдал нь маш эртнээс улбаатай. Хүний нийгмийн түүхтэй салшгүй холбоотойгоор янз бүрийн үүлдрүүд бий болж, эволюци хөгжил нь явагдаж ирсэн. Одоо дэлхийд 500 гаруй үүлдэр байгаа ба цааш үргэлжлэн шинэ үүлдрүүд гарсаар байна. Хамгийн сүүлд 2004 онд Австралид 6 үүлдрээс гаргаж авсан Лабруделийг бүртгэжээ. Америк, Англи, Скандинав, Австралийн нохой судлалын ассоциацууд байдаг ба эдгээр нь тус тусдаа өөрийн гэсэн ангилалтай байдаг. Гэхдээ сүүлийн үед ОУ-н Нохой судлалын холбоо голлон энэ ангилал зүйн ажлыг явуулж байна. 2007 онд энэ холбоо 337 үүлдэр, 10 группыг тогтоосон.
- Малч нохой
- Манаач (бульдог, ньюфаундленд, дог, овчарк, сенбернар, шиперк, шпиц)
- Терьер
- Такс (жижиг)
- Ангийн (том ан) – шпиц ба эртний үүлдрүүд
- Ангийн (жижиг ан) – хурдны ноход лайка мэтийн
- Подружейны (Английн үүлдрээс бусад)
- Английн подружейный үүлдэр
- Орон байрны ба гоёлын(пинчер, пудель, терьер, кингчарльз, болонки, мопс, япон хин)
- Борз
Биологи: Биеийн ерөнхий үзүүлэлт: Энэ ойлголт нь удамзүйн хувьд нөхцөлдсөн ашигтай шинж чанарууд, биеийн бүтэц, зан төрхийн онцлогоор тодорхойлогддог. Мөн нохойн эрүүл мэнд, амьдрах чадвар, бие гүйцэх хурд, үржил, амьдралын үргэлжлэх хугацаа, ажлын чадвар зэрэг үзүүлэлтүүд багтдаг. Зарим судлаач, эрдэмтэд нохойн биеийн ерөнхий үзүүлэлтээр ангилал хийсэн байдаг. Нохойн биеийн масс түүний биеийн бүтэц, өөх тосны нөөцийн хэмжээгээр илэрхийлэгддэг. Хамгийн хүндээр бүртгэгдсэн нохой (немец дог) 111кг, 109см өндөр, 220см урт байв.
Арьс: Нохойн арьсны өнгө эумеланин (хар эсвэл хүрэн) ба феомеланин(шар эсвэл улбар шар) зэрэг пигментээр нөхцөлддөг. Үсний дотор байх гранулын өнгө, тоо, хэлбэрээс нохойн өнгө шалтгаалдаг. Генотипээс шалтгаалан ноход янз бүрийн өнгө зүстэй байдаг. Зарим үүлдрийн ноход тогтсон тогтвортой өнгөтэй байхад зарим нь янз бүрийн өнгөний вариаци бий болгохоор ч байдаг. Лейцизм ба хялман нохдод багагүй ажиглагддаг. Өнгө зүснээс гадна үсний хэлбэр янз бүр байдаг. Жишээ нь Мексикийн хав бүр ямар ч үсгүй. Зарим нохойн үс 55см хүртэл урт ургадаг.
Нохдын арьсан бүрхүүл бусад хөхтөний адил орчны температураас шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Хавар болоход богинохон, шингэн, намар өтгөн, урт зарим нохдод хөөвөр, ноолуур бий болдог. Гуужих үзэгдэл нохдын арьсны бүтцээс шалтгаалан янз өүр байдаг.
Сүүл: Селекцын ажлын дүнд нохойн сүүлний хэлбэр хэмжээ олон янз болсон. Сүүл нь нохойн хөдөлгөөний тэнцвэрийг олох, хурдан хөдөлгөөнд маневр хийх, биеийн хүндийн төвөө олоход чухал үүрэгтэй. Мөн сүүл нь нохойн төрх байдлыг илэрхийлэгч индикатор болдог. Жишээ нь хөөрлийн үед сүүлээ өргөх, үл итгэл, айх үед буулгах, хойд хөлөн дундуур хэвлий рүү шургуулах гэх мэт. Нохой судлаачид үүнийг идэвхигүй хамгаалах хариу үйлдэл гэж үздэг.
Савар: Нохойн бүх үүлдэрүүдэд тодорхой ялгарсан 4 хуруу байдаг. Энэ нь сайн тэнийсэн байдгаараа муурынхнаас ялгаатай. Урд саврын дотор хэсэгт ялгац төдий 5 дах савар байдаг. Зарим үүлдрэрүүдэд савраас хамаагүй дээр байрлах ба ямар ч ач холбогдолгүй.
Шүд: Бусад сүүн тэжээлтний адил ноход ч хоёр удаа шүдэлдэг. Жижигхэн хурц сүүн шүднүүд 6–8 долоо хоногтойд ургаж эхэлнэ. 14 долоо хоногоос дээд үүдэн 2 шүд эхэлж бусад нь дараалан унана. Шууд солигдоод жинхэнэ шүднүүд ургах ба 5 сар гэхэд доод эрүүнд 22, нийт 42 шүдтэй болсон байна. Үүдэн шүд – 6ш, соёо – 4ш, бусад нь премоляр, моляр шүд байдаг.
Чих: Чихний хэмжээ, дэлбэнгийн хэлбэр, толгой дах байрлалаар нь нохойн чихийг ялгадаг. Чихийг толгойн хэмжээтэй харьцуулсан байдлаар нь том жижиг, урт богино, зогсоо байдлаар нь босоо, хагас босоо, унжгар, хагас унжгар гэх мэт. Хэрвээ чихний дэлбэн нүдний түвшнээс дор бол доош суусан, дээр бол өндөр өргөгдсөн гэж ялгадаг.
Хөлсний булчирхай: Саврууны зөөлөн эд, хамрын үзүүрээр голлон шингэнийг ялгаруулна. Биеийн бусад хэсгээр нь арай өтгөн тосны шүүрэл, сүүрхүү үнэрт шингэнийг ялгаруулдаг. Нохойг хөлсний булчирхайгүй гэдэг ойлголт их тархсан ч энэ нь буруу худал юм. Энгийн үед хөлсний булчирхай үл мэдэг байдаг боловч өвчтэй үед тод мэдэгддэг. Ийм учраас хөлсний булчирхай дотоод физиологийн үйл ажиллагааны чухал мэдээлэгч болдог.
Мэдрэхүйн эрхтэнүүд: Ноход хүнтэй адил 5 мэдрэхүйн эрхтэнтэй.
Хараа: Ноход хүнийг бодвол өнгөний ялгарал сул хөгжсөн байдаг. Хүний хараа 3 өөр хэлбэлзэл бүхий спектрыг ялгадаг. Урт – улаан, улбар шар, Дунд – ногоон, шар, Богино – хөх, нил өнгө. Харин нохойд эхний буюу улаан, улбар шар өнгийг ялгах чадвар хөгжөөгүй. Гэхдээ саарал өнгөний 40 өөр хувилбарыг ялгадаг.
Үнэрлэхүй: Үнэрлэхүй бол нохойн хамгийн чухал мэдрэхүйн нэг юм. Хоол тэжээлээ олох, үржлийн болон нийгмийн бусад нөхцөл байдлыг зохицуулахад ач холбогдолтой. Гэхдээ үүлдэр болгонд үнэрлэх мэдрэхүйн хэмжээ өөр байдаг. Үнэрлэхүйн абсолют хэмжээ тэрбумаар хэмжигдэнэ. Жишээ нь 2,3 диметил, 2,3 динитробутан, үнэрийн маркер, дэлбэрэх бодис зэргийг бүр 500 тэрбумын хувь концентрацитай байхад ч мэдэрдэг. Мөн холимог олон юман дотроос 1 үнэрийг сонгож ялгахдаа гарамгай. Бладхаундууд 100 цагийн дараа гэхэд аливаа мөрийг үнэрлэж 160км хүртэл мөрдөх чадвартай байдаг. Нохой аливаа үнэрийг хаанаас ямар нөхцөлд гарч байгаа зэрэг үнэрийн олон талыг маш сайн ялгах ба удаан хугацааны турш санаж байдаг.
Сонсгол: Нохойн сонсгол хүнийнээс илүү нарийн байдаг. Хүн 20кГц давтамжтай дууг ялгадаг бол нохой 40кГц хүртэл ялгадаг. Мөн хөгжмийн дууг сайн мэдэрдэг.
Өнгөц мэдрэхүй: Ноход арьсаараа маш бага хүрэлцэхүйг мэдэрдэг. Дулааны хэм буурахад нохойн үс нь сөрвийдөг. Ийм ч учраас туйлын ноход цасан дээр шууд унтаж чаддаг. Нохойг илэх, маажихад маш таатай байдаг ба үүнийг зарим сургалтад ашиглахад тохиромжтой. Гэхдээ ихэнх хүмүүсийн боддог шиг толгой, нуруундаа илүүлэх, тэврүүлэх дургүй.
Амтлах: Амтлах мэдрэхүй нь маш нарийн процесс бөгөөд үнэрлэхүйгээс салгаж ойлгох боломжгүй юм. Хүнд нохойноос илүү амтлахуйн хүлээн авагч байдаг ба амтлах чадвар илүү. Ноход амтлаг зүйлийг хүлээн авах чадвартай ба дуртай байдаг.
Амьдралын хугацаа: Туршилтаар хөхтөн амьтдын тархины хэмжээ томрох тусам амьдралын хугацаа нь уртсаж, бодисын солилцооны хурд ихсэх тусам энэ хугацаа багасдаг нь батлагдсан. Гэхдээ энэ байдал зарим том үүлдрийн нохдод зөрчигддөг. Эдгээр нохдын бэлгийн бойжилт удаан хожуу болдогч амьдрах хугацаа богино бүр дахин богино байдаг. Энэ нь тухайн үүлдрийн селекцийн ажлын чиглэлээр тайлбарлагддаг. Гиннесын рекордын номд хамгийн урт насалсан нохойгоор Австралийн малч Блу хэмээх нохой тодорчээ. Тэрээр 29 жил 5 сар амьдарсан байна.
Гөлөг: Төрсний дараах үе – Төрсний дараах 10 – 12 хоног. Эхээс бүрэн хараат, маш хурдан бойжино.
Шилжих үе: 13 – 20 хоног. Энэ үед биеийн хөгжил маш хурдан байна. 13 дах өдөр нүд нээгдэнэ. Хүүхэн хараа гэрэлд хариу үйлдэл үзүүлэх ч нүдний торлог хөгжөөгүй байна. Иймд 21 дэх өдөр хүртэл аливаа обьектыг харах, хөдөлгөөнийг мэдрэхгүй. Зөвхөн хатуу бус гадаргуугаар багахан явах ба хойшоо ухарч чадахгүй байнга унана. Эхний шүднүүд 20 дах өдрөөс цухуйж зажлах, хэвэх болно.
Орчныг мэдрэх үе: 21 – 28 хоног. Энэ бол харж, сонсох эхний долоо хоног. Энэ чадвар цаад тал нь 24 цагийн дотор бий болдог учир гөлгийг болбол тайван тогтвортой орчинд байлгах хэрэгтэй. Хэрвээ энэ үед гөлгийг эхээс нь салгавал ирээдүйн физиологийн хөгжилд том гажуудал авчирна.
Бусад ноходтой харьцах үе: Энэ үед бусад ноходтой харьцах зүйлийн өвөрмөц, төрөлх зангаа олж авдаг. Түүний генээр нөхцөлдсөн зан төрхийн бүх шинжүүд илрэх ба энэ үед эхийгээ болон бусад гөлөгнүүдээ орхих болдог. Ийм учраас гөлгийг 30 – 40 хоног заримдаа үүнээс илүү хугацааны дараа эхээс нь салгаж болно.
Хүмүүстэй харьцаж эхлэх үе: 7 – 12 долоо хоног. Нохойн хүмүүстэй харилцах харилцаа бүрдэх
Айх мэдрэмжтэй болох үе: Энэ үед айх, өвдөхийг мэдэрдэг болно. Ямар нэг муу үр дагавар бүхий зүйл түүнд тохиовол насан туршид түүнээс салахгүй. Хэрвээ энэ үе хүртэл бусад ноходтой, хүнтэй ойртохгүй бол энэ байдал мөн насан туршид тийм байх болдог.
Өөрийгөө бусдад таниулах үе: 13 – 16 долоо хоног. Энэ үед сүрэгтээ хэн болох нь тодорч эхэлдэг. Хооллох, тоглох ба бусад бүх үйлдэл дээр ямар нохой болох нь тодордог.
Нохойн ач холбогдол
Туслагч ноход: Сохор, дүлий болон бусад тахир дутуу хүмүүст дэм болдог ноход байдаг. Бүр эртнээс хараагүй хүмүүс өөрсдийн хөтчөөр поводырь үүлдрийн нохойг сонгон ашигладаг байв. Вена дах хараагүйчүүдийн Их сургуулийг үндэслэгч Вильгелм Клейн Иоганн поводырь үүлдрийн нохойг хөтчөөр сургах тусгай сургалтыг бий болгожээ. 1960 онд Бүх Оросын хараагүйчүүдийн нийгэмлэгээс хараагүйчүүдэд зориулсан хөтөч нохойн сургуулийг байгуулсан. 2001 оны 09-р сарын 11-д ОУХТөвийн 70 давхраас Дорадо хэмээх поводырь үүлдрийн нохой хараагүй эзнээ гаргаж амийг нь аварчээ.
Оношлогч ноход: Сүүлийн үед зарим нохдыг хүний өвчний эмчилгээ – оношлогоонд ашиглах боллоо. Английн Эйлсбери хотын нохой судлалын төвийн мэрэгжилтнүүд 17 нохойг сахарын өвчин оношлогч (үнэрээр) болгож сургажээ. Австралийн Хавдар судлалын төвийн зааварлагч Ян Олвер уушиг, хөхний хавдартай 83 хүнийг амжилттай оношлосон тухай мэдээлжээ. Нохдыг оношлохоос гадна зарим эмчилгээнд ч ашиглаж байна. Жишээ нь нөхөн сэргээх эмчилгээнд өргөнөөр ашигладаг. Татаж унадаг хүмүүсийн хажууд байлгах зорилгоор нохдыг сургуулилдаг. Таталт өгөхөөс өмнө ноход мэдэрч эзэндээ дохио өгөн эмээ уухыг сануулдаг. Мөн мэдрэлийн өвчтэй хүмүүст олон талын дэм болдог.
Аврагч ноход: Нохойн үнэрлэх гоц чадвар олон хүний амийг аварч байсан. 17-р зуунд Альпийн нуруун дах (2500м, ДТД) Гэгээн Бернарын хийдэд их хэмжээний цасанд дарагдсан, шуурганд осолдсон хүмүүсийг аврах тусгай сургуультай том биетэй ноход байжээ. Үүнээс хойш тухайн үүлдрийн нохойг Сенбернар гэх болсон. Парижын Сена голын эрэг дээр хамгийн алдартай аврагч сенбернар үүлдрийн Барри гэдэг нохойнд зориулан дурсгалын хөшөө босгосон байдаг. Мартиньи хотод энэ аврагч нохойд зориулсан музей байдаг. Ийм ноход 2м хүртэл гүн цасан доорх хүнийг үнэрлэж чаддаг. Өнөөдөр ноход зөвхөн ууланд бус дэлхийн газар бүр янз бүрийн нөхцөлд аврах үйл ажиллагаанд амжилттай оролцож байна. Энэ зорилгоор ОУ-н аврагч нохдын холбоо хүртэл байгуулагдсан. Ноход байгалиас заяасан сайн усчид. Энэ зорилгоор ньюфаундленд үүлдрийн нохдыг аврагч болгон ашигладаг.
Ноход дайнд:
Бүх цаг үеийн турш хүмүүс дайн байлдаанд нохойг ашиглаж ирсэн. Эртний Ромд нохдыг эсрэг талын сөрөх довтолгоог няцаах зорилгоор ашигладаг байв. МЭ-ий 525 онд Персийн хаан Камбиз тулаанд том биетэй мастиффыг оруулдаг байсан. МЭӨ 5-р зуунд Персийн хаан Ксеркс Грекүүдийг тагнах зорилгоор мастиффыг явуулдаг байжээ. Эртний Шумер, Ассирчуудын ханын зурагнаас тэд том биетэй дог үүлдрийн нохдыг хэрэглэж байсан нь харагддаг.
Валенсын төлөөх тулаанд испаничууд 4000 нохойг францчуудын эсрэг ашиглажээ. Викингчүүд аялал болгондоо том борз нохойг авч явдаг байв. Зөвлөлтийн арми Эх орны дайны үед 70000 орчим нохой ашиглаж, тэд олон хүний амь нас эрүүл мэндийг аварчээ. Сталинградын тулаанд тэсрэх бөмбөг тээсэн ноход дайсны 63 танкийг сөнөөсөн байна. Шархдагсдыг зөөх, тээвэрлэх, аврах ажилд оролцож олон хүнийг аварсан. Дайны үед мина, тэсрэх бөмбөг хайгч 6000 нохой нийт 4сая тэсрэх бөмбөг илрүүлжээ. ОХУ-н БХЯ-ы төв архивт 14-р инженер- сапёрын бригадын Жульберс гэх нохой Праг,Вена болон бусад хотод олон арван архитектурын дурсгалт зүйлийг устахаас урьдчилан хамгаалж байжээ. Англичууд дайнд баатарлаг гавьяа байгуулсан нохдод зориулан “Тэдэнд сонголт байгаагүй” гэсэн бичээс бүхий дурсгалын хөшөөг Лондонд босгожээ.
Харуул хамгаалалт, илрүүлэлт: Дайнаас хойш нохдын үүрэг, хийх ажил зориулалт өөрчлөгдсөн. Одоо нохдыг харуул хамгаалалт, янз бүрийн зүйлсийг илрүүлэхэд тусгайлан сургаж байна. Албан газар, байгууллагууд төдийгүй хувийн эд хөрөнгө зүйлсийг хамгаалах зорилгоор ашигладаг болсон. Улсын хүчний байгууллагууд хил, гааль дээр өргөн ашиглаж байна.
Харх барьдаг ноход: Нохойн харх сайн барьдаг байгалийн чадварыг хүмүүс эртнээс мэдэж харх болон бусад мэрэгчдийг устгах зорилгоор ашиглах болсон. Энэ зорилгоор хүмүүс 10 гаруй үүлдрийг бий болгожээ. Жишээ нь: Андалузын буурчийн харх баригч үүлдэр. Английн зарим хотуудад харх барих уралдааныг нохдын дунд зохиодог байсан. 1827 онд Билли нэрт терьер 12 минутад 100 харх устгажээ. 1862 онд Жеко хэмээх терьер өдрийн турш 1000 харх барьсан нь 5 мин 28 сек-д 100 харх устгасан рекорд болж байв. Одоо ХАА-н газрууд, үр тарианы агуулахыг мануулах зорилгоор эдгээр нохдыг ашиглах болсон. Энэ талын хамгийн чадвартайд Рет- терьер тодорчээ.
Анч ноход: Хүмүүс нохойг гэршүүлэхдээ л анх энэ зорилгоор ашигласан. Хүний нийгэм хөгжих тусам нохойн энэ шинж чанар дагаж хөгжсөн. Одоо ангийн төрөл тус бүрд таарсан ангийн тусгай үүлдрүүд бий болсон.
Тээвэр хөсөгний зориулалттай ноход: Тариачин айл бүрийн гадна энэ зорилгоор ашиглах ноход өмнөх зуунд байсан. Хойд туйлын хүмүүс зөвхөн энэ зорилгоор нохдыг ашигладаг. Анх хоёр туйлыг нохдын энэ чадварыг ашиглан аялагчид нээсэн байдаг. Норвегийн их аялагч Рауль Амундсен өмнөд туйлыг өдөрт 100км явах чадвар бүхий 97 нохойг хөсөглөн нээсэн байдаг. Энэ мэтчилэн газарзүйн бүхий л том нээлтэд нохой ямар нэгэн байдлаар оролцжээ.
Малч ноход: Энэ зорилгоор ашиглагддаг нохдыг ОУНСХолбооноос тусгай бүлэг болгосон. Хүмүүс маш эртнээс малаа хамгаалуулах, чиглүүлж туулгахаар ашиглаж ирсэн. Зөвхөн мал төдийгүй зарим тэжээмэл шувуудыг ноход хариулдаг.
Нохойн мах: Маш эртнээс Солонгос, Вьетнам, Хятадын өмнөд хэсгээр нохойн махан хоолны уламжлал байсаар ирсэн. Баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, зарим нэг өвчний үед хэрэглэдэг. Сүүлийн үед эдгээр улсуудад нохойн махны хэрэглээг тодорхой хэмжээгээр хориглож эхэлсэн.
Нохойн өвчин: Цус ойртолтоос ноход олон удамшлын өвчин тусдаг. Жишээ нь: Цус хайлах, уналт таталт, зүрхний өвчин гэх мэт.
Цус ойртолтын коэффициент өндөрссөн нохдын дархлаа маш бага байх, үр боловсрол муудах, ясны хэврэгшил болон бусад олон эмгэг бий болдог. Витамин Е ба селен дутах үед дархлаа маш сулардаг. Олон халдварт өвчнөөр ноход өвддөг. Үүний дотор хүнд халдаж өвчлүүлдэг өвчнүүд байдаг. Мөн ноход хүнийг үхэлд хүргэх, сохрох зэрэг аюултай өвчнүүдийн шимэгчийн дамжуулагч болдог. Жишээ нь: эхинококк, токсокароз, псевдосаркоптоз гэх мэт. Ноход шоколадны алколоид теоброминд маш мэдрэг.
Нохойн голлох өвчнүүд: Нохойн тахал, Лептоспироз, Энтерит, Халдварт трахеобронхит, Халдварт шар, Парвовироз, Галзуу, Пироплазмоз г.м
Нохойн зан төрх ба психологи: Нохойн сэтгэлзүй хүний нийгмийн хөгжилтэй чухамдаа зориудын шалгаралтай шууд холбоотой хөгжиж ирсэн. Ноход хүний дуу хоолой, царайг сайн таньж юу илэрхийлж байгааг сайн ойлгодог. Ноход бүр дахин давтагдашгүй ганцхан. Нохдод темперамент, хэрцгий байдал, сэтгэх чадвар, үүлдрийн онцлог зэрэг сэтгэл зүйн шинж чанарууд байдаг. Зан төрхийн удамшдаг нэг онцлог бол темперамент юм. Нохойн темпераментыг тодорхойлоход Кэмбеллийн тестийг ашигладаг. Нохойн удамзүйн зан төрх түүний үүлдрийн өвөрмөц шинжээр нөхцөлддөг. Жишээ нь: Анч ноход янз бүрээр хөөж буй ангаа барьдаг. Терьерүүд жижиг хөхтөн амьтдыг, хурдны ноход үнэрээр, борзууд маш өндөр хурдаар гэх мэт.
Интеллект: Ноход аливааг ойлгох чадвараар хүн төстэй бичнүүд, далайн гахай, хэрээний төрлийн шувуудаас л дутуу хөгжилтэй байдаг. Жишээ нь: Янз бүрийн когнитив даалгаварыг биелүүлэх, туршилтын дүрсийн хэмжээсүүдийг ялгаж салгах гэх мэт. Нохдын сэтгэн бодох чадвар нь удамзүйн ба хувийн онцлог, нийгэмшил, хүмүүжил, амьдралын туршлага, хүний сургалт гэх мэт олон зүйлээр нөхцөлдсөн байдаг. Зарим нэг үгсийн утгыг ойлгодог. Ерөнхийдөө 3 настай хүүхдийн ой ухаантай бараг дүйж байдаг.
Когнитив чадварынх нь хувьд Британийн Колумбийн Их сургуулийн доктор проффессор Стэнли Корэн зохилдлогооны, зөн билгийн, ажлын гэж ангилсан. Эхний хоёр төрөл нь нохойд хувийн төрөлх чанараар бий болдог ба ой ухааны тестээр тодорхойлогддог. 3 дахь “ажлын” төрөл нь үүлдрээр тодорхойлогдоно. Унтаж байхдаа ноход зүүдэлдэг. Энэ нь тархины үйл ажиллагааны хэр хөгжилтэй байгаагийн нэг баталгаа мөн.
Дуу хоолойн харилцаа: Нохойн дуу хоолойн дохиоллууд өөрийн өвөг болох чонынхтой маш төстэй. Нохой чоныг бодвол илүү хуцах ба харин улих тоо бага байдгаараа ялгардаг. Нохойн дуу хоолойн ач холбогдлын талаар бага судлагдсан байдаг. Хуцах, улих нь биес хоорондын зайн дохиолол ба сүрэг хоорондын болон сүргийн доторх холбоогоор тодорхойлогдоно. Проффессор Стэнли Корэн ба бусад судлаачдын үзлээр хүмүүс нохойн хуцах байдлаар нь “ өөрсдийн аюулгүй байдлыг бий болгох зорилгоор” зохиомол шалгарал явуулсны дүнд тэдний дуу хоолойн өнөөгийн байдал бий болсон байна. Мөн сэтгэл зүйч Жон Скотт, Жон Фуллер нар нохойн хуцалт ба генотипын корреляци шүтэлцээг тогтоосон. Тэднийхээр нохойн хуцах байдлыг тодорхойлдог ген нь доминант шинжтэй байв.
Катрин Лорд ба Массачусетсийн их сургуулийн хэсэг эрдэмтэд нохойн дууны өнгө, чимээний онцлогийг судалж дунджаар 715 герцийн давтамжтай, үргэлжилсэн байдалтайг тогтоосон. Нохойн хуцалтын шинж байдал хүмүүст мэдрэгддэг. Ерөнхийдөө хуцалт урьдчилсан байдалтай байдаг. Уурласан үед дууны өнгө арай доогуур байна. Улих – Үргэлжилсэн урт байдаг. Чононууд газар нутгаа тодорхойлох, сүргийн харилцаа холбоог тодорхойлоход ульдаг. Архирах – Өргөн өнгөтэй, давтамж, амплитуд ээлжилнэ. Заналхийлэх дохиолол болдог. Гаслах – Өндөр давтамжтай, сул дохио. Өвдөх айдсын үед гаслана.
Сүргийн зан төрх: Нохойн хамгийн хүчтэй зөн билиг бол зүйл хоорондын ба зүйлийн доторх харилцааг зохицуулах сүргийн зан төрх юм. Оксфордын их сургуулийн төслийн удирдагч доктор Сюзан Шульц 500 хөхтөн амьтанг судалж, нохойг хамгийн нийгэмч амьтан болохыг тогтоосон. Ноход дуу хоолойн ба биеийн аль нэг хэсгийн үйлдлээр дохиолон сүргийн харилцааг зохицуулдаг. Сүрэг дэх эр эм амьтдын байр суурь, харилцааг өмнөх үеүүдэд харьцангуй бага судалж байсан бол одоо хүйсийн харилцааг маш нарийн судалж хоорондын шүтэлцээ уялдааг тодорхойлох боллоо.
Үржлийн зан төрх: Нохдын бэлгийн бойжилт 7 – 8 сартайд бүрэн боловсордог. Гэхдээ зарим том үүлдрийн ноход 2 нас хүртэл боловсордоггүй. Нохойн идэр нас 12 – 15 сартайд тохионо. Энэ үед бэлгийн бойжилт боловсорч үржилд ороход бэлэн болдогч бодит байдалд залуу эм нохдын хувьд биелдэггүй. Учир нь залуу жингэрийн хувьд бие гүйцсэн жингэрүүдийн дарамт шахалт тулгардаг. Эм ноход шээсэндээ эр нохойг татах феромоныг агуулах ба жилд 1 – 2 удаа ороо орно. Ороо орсон эхний үед эм нохой өдөөгдсөн байдалтай болдог. 2 дахь долоо хоногийн дундаас эсрэг хүйсээ хайх, мөрдөж эхэлнэ. Үржилд орсноос хойш 60 хоногт төрдөг. Гөлөглөхөөс өмнө эм нохой төрөх оромжоо өөрөө хайж эхэлдэг.
Эвцэлдэлгээ: Эвцэлдэх үед эр бэлэг эрхтэн цусаар дүүрч, хэмжээний хувьд томрох ба эмийн үтрээний хувьд харин эсрэгээрээ агшдаг. Энэ процесс ойролцоогоор 20 орчим минут үргэлжилдэг.
Зан ааш: Сүүлийн үеийн энэ талын судалгаануудыг харахад И.П.Павловын дээд мэдрэлийн үйл ажиллагааны ангилалтай улам дөхөж байгаа нь харагддаг. Болгарын Тракия их сургуулийн мал, эмнэлгийн факультетийн 2007 оны судалгааны дүнгээр хүний темпераменттэй маш төстэй дүн гарчээ. Сангивиник, холерик, флегматик, меланхолик гэсэн хүнтэй адил 4 темпераментэд тэд ангилсан байна. Стокгольмын их сургуулийн Кент Свартберг тэргүүтэй судлаачид 5 үндсэн зан аашид хуваасан байдаг.
Нохойн сургалт: Амьтдыг хэрхэн сургах талаар хуульчилсан заалт байдаггүй учир энэ нь ерөнхийдөө тухайн амьтны эзний тааллаар болдог. Тэжээвэр ноход дор хаяж цөөн хэдэн үйлдлийг хийж дадсан байх шаардлагатай байдаг. Үүнд: ерөнхий хориглосон, “суух”,”хэвтэх”,”надруу”, “байрандаа” гэх мэт тогтсон үйлдэл хийхийг заасан. Мөн өөрийн нэр хочинд сайн дассан байх, хүзүүвч болон бусад хэрэгсэл, өөрийн үүр хэвтэртээ дассан байх гэх мэт. Энэ сургах арга зүйнүүдийг хүмүүс олон жилийн турш уламжлан хэрэглэж ирсэн. Уламжлалт энэ арга зүй нь нохой хэн нэгний бүрэн захиргаанд байж, түүний чөлөөт байдлыг бүрэн үгүйсгэсэн, байгаль дах чонын сүргийн зэрэг дэвийг санагдуулам хатуу байдаг. Сүүлийн үед хүчирхийллийн энэ байдлыг үгүйсгэсэн эелдэг, харьцангуй давамгайгаар хорших, аргадсан, нохойг илүү ойлгохыг чиглэсэн сургалтын арга зүй, сэтгэлгээ хүчтэй бий болж байна. ОУ-н сургалтын арга зүйч Норвегийн Анне Лилл Квам уламжлалт энэ арга зүй нь зөвхөн нохойг сэтгэл зүйн хямрал дарамтад оруулаад зогсохгүй орчныг аюултай болгодгийг сануулж байна. Мөн тэрээр нохдын сургалтыг үүлдэр тус бүр дээр ялгаатай байхын хэрэгтэйг дурджээ. Энэ чиглэлийн сургалтыг номлодог Тюрид Ругаас сургууль нохойн сэтгэл зүйн илэрхийллийн дохиоллуудыг судалж байна. Одоогоор тэд 30 орчим ийм дохионы учрыг олсон байна. Ноход эзнийхээ сэтгэл хөдлөл, хэлсэн зарим үгийг шууд ойлгодог.
Золбин ноход хотын орчин нөхцөлд маш сайн зохилдсон байдаг. Тэд дуу чимээ, үнэр, хугацааны ба орон зайн мэдрэмжиндээ тулгуурлан нийгмийн ба орон зайн зохилдолгоотой болсон байдаг. Жишээ нь: Нийтийн тээврээр явж байгаа ямарч нохой өөрийн буух зогсоолыг алдаагүй олж буудаг.
Нохойн хэрцгий зан: Нохой бүрд энэ зан их бага хэмжээгээр илэрдэг. Бүл дэх байр сууриа тогтоох амьдралын эхэн үеэс сууж эхэлдэг. Нохойн энэ занд тулгуурлан хүмүүс зарим үүлдрийн нохойг хамгаалах үүрэг гүйцэтгүүлдэг. Хэрцгий зангийн эрсдэлд орсон хүмүүсийн цөөнгүй тохиолдол байдаг. Нохойн хэрцгий зан эзэмшил нутаг, өөрийгөө болон үр төлөө хамгаалахад чиглэгдсэн байдаг.
Хүйсийн ба бүлийн гаралтай хэрцгий зан: Бүлийн доторх өөрийн байр суурийг олоход үүсдэг хэрцгий зан нохой төрөөд удаагүй байхаас л бий болдог. Төрснөөс хойших 3 долоо хоногтойгоос л идэш тэжээл болон бусад харилцааны байр суурийг тодорхойлох тэмцэлд орж эхэлдэг. Энэ үед хүйсийн давамгай чанар хамаардаггүй. 2 сартайгаас эр гөлөгнүүд охин гөлөгнөөс бие хаа, хүч тэнхээгээр илүү болдог. 5 – 6 сартай болоход гөлөгнүүд дунд бүл дэх байр сууриа жинхэнэ утгаар олох ширүүн тэмцэл эхэлдэг.
Үрээ хамгаалах эхийн хэрцгий зан: Энэ нь харьцангуй ойлгомжтой энгийнээр тайлбарлагдана. Ямар ч амьтан өөрийн үр төлөө хамгаалан хэрцгий зан гаргадаг.
Эзэмшил нутаг, үүр оромжоо хамгаалахад чиглэгдсэн хэрцгий зан нохдод тод илэрдэг.
Ганцаардал: Бүлээр амьдардаг амьтны хувьд ганцаардал бол нохойн хувьд аймшигт үзэгдэл. Удаан хугацаагаар эзэн нохойгоо орхиход нохой маш хүчтэй стресст ордог. Хуцах, улих, цонх, хаалга үүд, шалаа маажиж самардах гэх мэт илрэлүүд бий болдог.
Амьдралын гуйланч хэлбэр: Идэш тэжээл олохоос үүдэлтэй амьдралын нэг хэлбэр юм. Хотын золбин нохдын популяцийн 20 – 60 хувь нь(насны хувьд гөлөгнүүд ба хөгшин ноход) ийм хэлбэрээр амьдардаг. Энэ нь хүмүүсийн үйл ажиллагаатай шууд холбоотой бий болсон.
Үнэрийн тэмдэг: Нохой эзэмшигчдэд тулгардаг нэг асуудал бол ноход өвөрмөц үнэрийг өөртөө бий болгох юм. Хурц үнэртэй обьектоос үнэрийг арьсандаа бүрэн шингээдэг. Энэ нь бусдад дохиолол болох, шимэгчээс хамгаалах гэх мэт ач холбогдолтой.
Эрүүл ахуй: Заавал хийдэг вакцинаас гадна нохойд эрүүл ахуйн бусад үйлчилгээг хийх шаардлагатай. Жишээ нь: Арьсан бүрхүүл, тавхай, чихийг янз бүрийн шимэгчдээс хамгаалах. Сүүлийн үед ийм төрлийн бүтээгдэхүүнүүд (шампунь, сам, хошуувч) ихээр үйлдвэрлэгдэх боллоо. Зарим орнуудад даатгалын компаниуд өөрсдийн үйлчилгээг нохой эзэмшигчдэд санал болгож байна. Үүнд: Оношлогоо, эмнэлгээр үйлчлэх, рентгенээр харах, лабораторийн шинжилгээ мэс, засал гэх мэт.
Хоол хүнс: Нохдод уураг, тос, нүүрс ус, витамин, эрдсийн тохирсон тэнцвэр бүхий хоол хүнс өгөх шаардлагатай. Одоо үед гэрийн аргаар бэлтгэсэн, үйлдвэрийн бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 төрлийн хүнсийг өгч байна. Хүнсийг төлөв байдлаар нь хуурай, хагас чийглэг бүхий, лаазалсан шингэн гэж хуваадаг. Мөн эдийн засгийн байдлаар хямд, ердийн, дээд сортын үнэтэй гэж ангилж байна. Хямдхан хоолонд: Уураг агуулсан, ургамлын гаралтай – эрдэнэ шиш, буудай, шар буурцагны гурил гэх мэт. Олон хямд хоолнуудад нохойд зайлшгүй шаардлагатай нэмэлт бодисууд (витамин, эрдэс бодис) байдаггүй.
Ердийн үнэтэй хоолонд: Махны(тахиа, цацагт хяруул, хурга) гаралтай уургууд ба будааг заавал оруулсан байдаг.
Өндөр үнэтэй хоолонд: Нохойд хэрэгтэй бүх эрдэс бодис, витамин, уургийн тэнцвэр бүрэн хангагдсан байдаг. Энэ төрлийн зарим хоолнууд идэш тэжээлийн дэглэмийг тогтоох, янз бүрийн өвчнүүдийг анагаах зорилготой байдаг.
Байгалийн гаралтай хоол хүнсийг бэлтгэхэд зарим зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд: Нэг төрлийн байх, Хоолны бүрэлдэхүүн хэсгүүд сайн холигдсон байх, Жижиг ясгүй байх
Нохойн нас, биеийн үзүүлэлт, ачааллыг анхаарч хоол хүнсийг өгөх хэрэгтэй.
Зарим ноход өвс ургамал байнга иддэг бол зарим нь маш ховор иддэг. Яагаад өвс ургамал идэж байгаа талаар эрдэмтдийн санаа бодол олон янз байдаг ба яг 100 хувь баталсан нотолгоо одоогоор алга.
Нохойн аюул занал: Зарим улсуудад албан ёсоор зарим үүлдрийн нохдыг аюултайд тооцдог. Жишээ нь: Англид 4 үүлдрийн нохойг гудманд хамаагүй авч явах, худалдахыг хориглодог. Үүнд: питбультерьер, тоса–ину (япон мастифф), аргентин дог, фила бразилеро. Хэрэв зөрчсөн тохиолдолд 5000 паунд буюу 6 сар хүртэл хугацаагаар эрх чөлөөг хасах
Нохойноос өөрийгөө хамгаалах: Хамгийн түгээмэл арга бол чулуу буюу шургаагаар шидэх цохих юм. Сүүлийн үед чинжүү бүхий хий цацагч, ультра дуун нохой үргээгчийг ашиглах болсон.
Нохойн хуцалт: Нийгмийн амгалан байдлыг алдагдуулдаг нэг зүйл бол нохойн хуцах улих чимээ юм. 1998 онд Лондонгийн “Таймс” сониноос явуулсан санал асуулгаар амгалан тайван байдлыг алдагдуулах талаар гэмт хэргийн дараа орох дүнг нохойн дуу чимээ авсан байна. Сүүлийн үед нохойн дуу чимээг дарах зорилготой электрон хүзүүвч гарсан байна.
Зэрлэг байгальд нохойн нөлөө: Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар эзэнтэйгээ явж буй ноход дархан цаазат газар, ойн шувуудын тоо толгойд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн байна. Шувуудын зүйлийн бүрдэлийн 35 хувь, нийт тоо толгойн 40 хувь үүнээс болж буурчээ.
Нохойн тархалт зарим улсуудад: Орост: “Олон нийтийн бодол” нэртэй фондын 2006 онд хийгдсэн судалгаагаар 100 гаруй суурьшлын бүс, 44 муж, 1500 гаруй нохой тэжээгч, оролцогчоос асуулга авахад нийт хүн амын 41 хувь нохой тэжээдэг болохыг тогтоосон. Нохой эзэмшигдийн ихэнх хувь нь амьдралын хэлбэр, хэрхэн суурьшнаас хамаарч байна. Нохдын 70 хувь нь хөдөө тосгон, зусланд, 11 хувь нь том хотуудад хамаарч байна.
АНУ: 2007 – 2008 оны бүх нийтийн асуулгаар нийт Америкчуудын 63 хувь нь ямар нэг гэрийн тэжээмэл амьтантай бол 44,8 сая нохой эзэмшигчтэй байна. АНУ – д нийт 77,5 сая нохой байдаг.
БНХАУ: 2010 оны тооллогоор нийт 27 сая нохой тоологдсон. Бээжинд 900 мянга, Шанхайд 740 мянга
Үндсэн санаа
Энэ сэдвийн гол агуулга нь хүмүүс бид нохойтой харьцах өөрсдийн сэтгэлгээг үндсэнд нь өөрчлөх, тэднийг өөрсөддөө илүү ойрхон, жинхэнэ дотны нөхрийн түвшинд байх, нохойн биеийн хүч, ухамсрыг нээж ашиглахад оршиж байна. Тэдэнтэй зэрлэгээр харьцсанаар ямарч үр дүнд хүрэхгүй ба харин ч эсрэгээрээ хүмүүс өөрсдийн амьдрах орчныг илүү таагүй, аюултай болгодог.
Эх сурвалж: www.wikipedia.org