Таны мэдлэгт
Бабезиозын халдварын тархалт, судлагдсан байдал
2606

ХАЧИГТ БАБЕЗИОЗ (Babesiosis B60.0)

Бабезиоз нь цусны улаан эсэд шимэгчилдэг эгэл биетнээр үүсгэгддэг, халуурах, цус багадах, арьс салст шарлах зэрэг шинж тэмдгээр илэрдэг, хачгаар дамжин халдварладаг зоонозын хурц халдварт өвчин.

Үүсгэгчийн Babesi microt, Babesi divergens зүйлүүд нь хүнд өвчин үүсгэдэг. Babesi microti зүйлийн хувьд мэрэгчид, B. divergens зүйлийн хувьд мал, амьтанд өвчин үүсгэнэ.

Тархалт

Дэлхий дахинд:

Антарктидаас бусад бүх тивд хүн, мал амьтны өвчлөл бүртгэгдсэн байдаг.  Европын баруун хойд болон өмнөд хэсэг, ОХУ-д голчлон Сибирийн тал хээрийн бүс нутагт өвчлөл бүртгэгдэнэ.

АНУ-д B.microti зүйлийн халдварын газарзүйн тархалт Ixodes scpularis хачгийн нутагшилтай газраар ихэсдэг хамааралтай. Хятад (Тайванийн хамт), Египет, Япон, Испани (Канарын арлууд) болон Өмнөд Африкт бүртгэгдсэн. ОХУ-ын Урал, Ленинград муж, Сибирьт жижиг мэрэгчдийн дунд Babesi microti халдварлалт 20,2% тогтоогдсон байдаг. АНУ-д бүртгэгдсэн дийлэнх B.gibsoni үүсгэгчтэй өвчлөлүүд америкийн питбультерьер ноходтой холбоотой байсан бөгөөд 33-д ПГУ-р шинжилгээ хийхэд 8-д нь B.gibsoni эерэг тодорхойлогдсон ба 10 нохойн цусны түрхэцд B.gibsoni илэрсэн байдаг.

Монголд:

Мал эмнэлгийн судалгаагаар Монгол орны газарзүйн янз бүрийн бүсээс цуглуулсан  адууны цусны ийлдсэнд Babesia equi, B.caballi-ийн халдварлалт 72.8% тогтоогдсон.

1973 онд Т. Яринпил, А. Сэр-од нар Булган аймгийн Хутаг сумын нутгийн адууны цуснаас түрхэц бэлтгэн харж Babesia caballi үүсгэгчийг илрүүлсэн бол 1959 онд Babesia equi –г Мө. Даш илрүүлсэн байна. 1966 онд Мө. Даш, 1973 онд Ц. Гунгаа нар Монгол орны олон аймгуудад судалгаа хийсэн бөгөөд уг өвчний улирлын хөдлөл зүйг тогтоон хаврын улиралд 4-5 сард өвчлөл их байдаг бөгөөд бага насны даага олноор өвчилдөгийг тогтоосон байна.

Сүүлийн үеийн судалгаагаар B.equi-гээр үүсгэгдсэн хачгийн халууны тархалт хамгийн их буюу 78-88 хувь, B. caballi-г ээр үүсгэгдсэн өвчлөл 40 гаруй хувь, 2 зүйлээр халдварласан буюу холимог халдвар 30 орчим хувь ба уг өвчнөөр өвчлөх хорогдох нь эрс ихсэж байна.

Монгол улс адууны бабезиозоор тайван бус төдийгүй өвчний тархалт, халдварлалтын хэмжээгээр нэлээд дээгүүрт орох магадлал өндөртэй орны тоонд ордог бөгөөд хөдөө аж ахуйн болон гэрийн тэжээмэл амьтдаас гадна зэрлэг олон амьтдад бабез хадгалагдаж байдаг байна.

  1. ХӨСҮТ-д 2011 онд хачигт хазуулсан өгүүлэмжтэй 126 хүний цуснаас шинжилгээ хийж, бабезын B.microti зүйлийг анх удаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Бугант тосгоны хүн амаас илрүүлжээ. (мэдээллийн эх сурвалж: Халдварт өвчин судлалын монголын сэтгүүл, (2011)¹6, 10-13 “Сэлэнгэ аймагт B.microti-ийг илрүүлсэн судалгааны дүн”, Д.Абмэд, Д.Ану, Ж.Батаа, Д.Энхсайхан)

       2015-2016 онд ЗӨСҮТ-д хийсэн лабораторийн шинжилгээгээр Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Завхан, Сэлэнгэ, Багануур, Улаанбаатараас цуглуулсан 1734 хачгийг молекул биологийн шинжилгээний аргаар шинжлэхэд бабезиозын  ДНХ тодорхойлогдоогүй байна.

Бабезиозын халдвар хариуцсан баг

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter