2017 оны 06-р сарын 02
ДЭМБ-н итгэмжлэгдсэн төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн 17-р ассемблейд оролцож, дамжуулагчаар дамждаг өвчнүүдийг бүх нийтээр хамтран урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах иж бүрэн арга замыг тусгасан тогтоол (Global Vector Control Response (GVCR))-ыг баталлаа.
2017 – 2030 он хүртэл гишүүн орнуудын үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй дамжуулагчаар дамждаг өвчнүүдтэй тэмцэх, сэргийлэх хяналтын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг дээрх тогтоол (GVCR)-той уялдуулан нийцүүлэх шаардлагатайг заажээ. Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдийн хяналтын албаны дарга Dr Dirk Engels “Энэхүү тогтоолыг улс орнуудад дамжуулагчаар дамждаг өвчнүүдийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд тулгуурлан боловсруулсан нь харагдаж байна. Гишүүн улс орнууд энэ талын судалгаа, шинжилгээ, инноваци, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх ажлуудын төлөвлөгөөгөө боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд бид хамтран ажиллах болно.” гэж мэдэгджээ.
Тогтоол (GVCR)-г хэрэгжүүлснээр техникийн чадавхийг дэмжиж, мониторинг, тандалтын системийг бэхжүүлж, дэд бүтэц сайжирна. Эрүүл мэндийн байгууллагуудаас гадна ялангуяа байгаль орчин, хот төлөвлөлт, орон сууцжуулалт, боловсрол, мэдээлэл солилцох үйл ажиллагаануудтай уялдаатай ажилласнаар дамжуулагчаар дамждаг өвчнүүдтэй тэмцэх зардлыг багасгахад дараах дөрвөн суурь зарчмыг баримтлах шаардлагатай байна.Үүнд:
- Эрүүл мэндийн бус салбаруудтай хамтран ажилласнаар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сайжруулах
- Дамжуулагчдын тандалт судалгааг нэмэгдүүлэх, өгөгдөлд тулгуурласан төлөвлөлтийг дэмжиж дамжуулагчдын хяналтыг хэрэгжүүлэх
- Тархвар зүйн ба шавж судлалын тохиромжтой арга барилыг нэвтрүүлснээр дамжуулагчдаар дамждаг өвчнүүдийн хяналтын арга хэрэгслүүдийг сайжруулж, цогц болгох
- Дамжуулагчдаар дамждаг өвчнүүдийн хяналтыг хэрэгжүүлэхэд олон нийтийг татан оролцуулах
Дамжуулагчдаар дамждаг өвчнүүдийн өсөн нэмэгдэж буй аюулыг амжилттай бууруулахад тухайн улс орнуудын удирдлагуудын нөлөө, дэмжлэгийг нэмэгдүүлэх, хамтрагч талуудын нөөцийг зүй зохистой зохицуулах, бодлого, чиглэлийн дэмжлэг нэн шаардлагатай.
ДЭМБ-ын Дамжуулагч ба Экологийн менежментийн нэгжийн зохицуулагч Dr Raman Velayudhan “Дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд дамжуулагчдын хяналт, тандалт судалгааны ач холбогдол өндөр хэвээр байна. Тухайн улс орнууд эдгээр өвчнүүдтэй тэмцэх, хяналтыг тогвортой хөгжүүлэхэд хамтарсан үйл ажиллагаанууд нь тулгуур болж, гарах зардлыг багасгана.” гэжээ.
Дамжуулагчаар дамждаг өвчнүүд
Дэлхий дээр гарч буй нийт халдварт өвчнүүдийн 17%-г дамжуулагчаар дамждаг өвчнүүд эзэлдэг бөгөөд жил бүр 700 000 гаруй хүн эдгээр өвчнүүдийн эрсдэлд өртдөг. Өвчлөлийн тохиолдлуудын ихэнх хувь нь халуун бүсийн орнуудад тохиолддог ба хумхаагийн тохиолдлууд өндөр тоотойгоор бүртгэгддэг. Мөн хачгаар дамжих халдварт өвчнүүд ялангуяа боррелиоз, энцефалитын өвчлөлийн тохиолдлууд сэрүүн бүсийн орнуудад өндөр тархалттай байна.
Дэлхий даяар наад зах нь 5 хүн тутмын 1 нь шумуул, бөөс, бүүрэг, хачиг зэрэг дамжуулагчдаар вирүсийн болон бусад шимэгчид халдварлаж, жил бүр сая гаруй хүн нас барж, олон мянган хүн эдгээр өвчнүүдийн зовиур шаналалыг амсч байна.
Хот, суурин газруудад хүн хоорондын болон ахуйн хавьтлууд их байдгаас дамжуулагчдын өсөж үржих боломжийг нэмэгдүүлж, улмаар хүний өвчлөлийн эрсдэл өндөр байдаг. Эдгээр өвчнүүдээр дархлал багатай, сул дорой хүмүүс мэдрэг, өртөмтгий байгаа нь нийгмийн ядуу хэсэгт зонхилж байна.
Нийгэм, хүн ам, хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдийн нөлөөтэй эмгэг төрүүлэгчдийн дамжин халдварлах өөрчлөлтүүд нь халдварын дамжих эрчим, газарзүйн тархалтыг нэмэгдүүлэх, өвчний улиралчлалыг уртасгах, зарим халдварууд сэргэн тархах нөхцлийг бий болгож байна. Төлөвлөлттэй хотжилт, баталгаат хоолой бүхий усан хангамж, хог хаягдлын менежмент байдаггүйн улмаас хот, суурин газруудад шумуулаар дамжих вирүсийн өвчнүүдийн эрсдэл өндөр байна.
Хэдий тийм боловч сайн төлөвлөгдсөн, тогтвортой, цогц хяналтын доор дамжуулагчдаар дамждаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломж байна. Ийм хяналтын цогц арга хэмжээнүүд нь дамжуулагчаар дамждаг өвчнүүдтэй тэмцэх үндэсний болон олон улсын чадамжийг хурдасгаж, улмаар Тогвортой Хөгжлийн Бодлогод хувь нэмэр оруулна.
Дэлхий дахинд хэрэгжүүлэх арга зам
2016 оны 05-р сард ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Маргарет Чан 16 дахь удаагийн дэлхийн эрүүл мэндийн чуулган дээр дамжуулагчаар дамждаг өвчнүүдийн хяналт хангалтгүй байгааг дурьдаад эдгээр өвчнүүдийн тархалтыг зогсоох нэгдсэн арга замыг онцгойлон уриалсан.
2016 оны зургадугаар сард ДЭМБ, Дэлхийн эрүүл мэндийн нийгэмлэгийн гишүүд болон гишүүн орнуудын төлөөлөлтэй хамтран дэлхий даяар дамжуулагчаар дамжих халдварт өвчний хяналтын чадавхийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлсэн.
2017 оны 01-р сард болсон Гүйцэтгэх Зөвлөлийн 140-р зөвлөгөөний үеэр дээрх төлөвлөгөөний төслийг хянаж үзээд бүх гишүүн улс орнууд дэмжсэн бөгөөд ДЭМБ-н Хэрэг эрхлэх газар болон сонирхогч гишүүн орнууд Дэлхийн эрүүл мэндийн 17-р ассамблейн үеэр бүх гишүүн орнуудын хэмжээнд танилцуулахаар бэлдэж байна.
Дамжуулагчаар дамждаг халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүд
Одоогоор Зика вируст халдвар нь ДЭМБ-н халуун бүсийн хайхрагдаггүй өвчний жагсаалтанд ороогүй боловч энэ вирүс нь Aedes aegypti зүйлийн шумуулаар дамждаг. Мөн энэ шумуулаар Дэнгийн халуурал, Чикингуньяа зэрэг өвчнүүд дамждаг. Сүүлийн үед Дэнгийн халуурал, Чикингуньяа (Африкийн зарим орнуудад гарч буй Шар чичрэг)-гийн өвчлөлийн тархалт нэмэгдэж байгаа нь дэлхий дахинд эдгээр өвчнүүдийн аюулын дохиог өгч байна.
Өнөөгийн байдлаар дэлхийн хүн амын 80 орчим хувь нь дамжуулагчаар дамжих Дэнгийн халуурал, Чикингуньяа зэрэг тунгалгийг гэмтээдэг халдварт өвчний эрсдэл бүхий нутагт амьдарч байна.
Бусад халдварууд болох Онхоцеркоз, лейшманиоз, Африкийн нойрны эмгэг зэрэг нь ялаагаар дамжин хүнд халдварладаг. Цох болон хачгаар Чагас, усны ялаагаар Гвинейн хорхойн өвчин, цэнгэг усны дун schistosomiasis-ийн авгалдайг биедээ тээдэг.
Өндөр эрсдэл бүхий халуун орны бүс нутагт жил бүр дамжуулагчаар дамждаг халдварт өвчний улмаас 700 000 гаруй хүн нас бардаг. Олон улсын аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуйн өсөлт, хүрээлэн буй орчны өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг хүчин зүйлүүд халдварт өвчнүүдийг дэлхий даяар тархах таатай нөхцлийг бүрдүүлж, нийт хүн амыг эрсдэлд оруулж байна.
Эх сурвалж: http://who.int/neglected_diseases/news/comprehensive_global_approach_against_vector-borne_diseases/en/