Зоонозын өвчнүүд
Боом
16774

Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.Боомын үүсгэгч нь Bacillaceae-ийн овог,  Baccillus-ийн төрлийн Bacillus antrhracis зүйлд хамаарах нян бөгөөд наацанд хоёр төгсгөл нь тэгш, ганц хоёроор буюу гол төлөв урт гинж үүсгэн байрласан Грам-эерэг савханцар хэлбэртэй, бүрээс үршил үүсгэнэ. Боом өвчнөөр таван хошуу мал, гахай, зээр, гөрөөс, илжиг, луус, хулан, тахь, хавтгай, аргаль, янгир, чоно, нохой, үнэг, хярс, бар, арслан зэрэг амьтан өвчлөхөөс гадна  хүн өвчилнө.

Тархалт

Манай улсын уулт хээр, тал хээрийн чийглэг хар хүрэн хөрс бүхий бүс нутагт боомын байгалийн голомттой бөгөөд малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гарч байна. 1 хот 19 аймгийн 157 сум боомын голомттой.

Халдварын эх уурхай

Боом өвчнөөр өвчилсөн болон үхсэн мал, амьтны түүхий эд (мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур г.м), боомын нянгаар бохирлогдсон хөрс бууц, малын хэвтэр, усанд боомын нян хадгалагддаг.

Халдвар дамжих зам

Боомоор өвчилсөн, үхсэн  мал, малын түүхий эд,  хүүр сэг зэм, арьс шир, яс, үс ноос,  халдварын бохирдолтой хөрснөөс халдвар авч хүн боомоор өвчилдөг. Боомын үүсгэгч гэмтсэн арьсаар дамжин хүний биед нэвтрэн  орсоноор арьсны хэлбэрийн өвчлөл үүсгэдэг нь үндсэн  хэлбэр болдог. Хүний өвчлөл дараах эмнэлзүйн  хэлбэрээр илэрнэ.

Уушгины хэлбэр

Агааржуулалт муутай  нөхцөлд  хөрс, бууц цэвэрлэх, арьс элдэх, ноос, яс боловсруулах зэрэг үед боомын нян аэрзоль байдлаар цацагдаж амьсгалын замаар боомын халдвар үүсгэнэ. Халдвар авсан тохиолдолд өндөр халуурч цээжээр хатгуулах, толгой өвдөх, ядрах, хуурай ханмалгах, цаашид цустай цэр гарах, цустай ханиах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.

Гэдэсний хэлбэр

Боомын гэдэсний ба залгиурын хэлбэр нь мал, амьтны гаралтай халдвартай бүтээгдэхүүнийг түүхий болон дутуу боловсруулж хэрэглэснээс үүснэ. Халдвар авсан тохиолдолд 39-40 хэм хүрч халуурах, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох, бөөлжиж цусаар гүйлгэх болон ам залгиурын хэлбэрээр өвчилсөн үед хэл, хүүхэн хэл, залгиур, хоолойн хэсгийг шархлуулна.

Арьсны хэлбэр

Халдвартай мал, амьтан тэдгээрийн түүхий эдтэй харьцах үед ахуйн байдлаар халдвар авч боомын арьсны хэлбэрээр өвчилнө. Арьсны хэлбэрийн боомын халдварын зарим тохиолдолд булчирхайгаар дамжин үжил үүсэх тохиолдол бий. Энэ үед эмнэлзүйн өвөрмөц бус шинж тэмдэг болон амьсгал давхцан өвчтөн шоконд орохоос гадна захын судасны цусан хангамж буурснаас комд орох, хэдэн цагийн дотор нас барах тохиолдол ч байдаг байна. Арьсны хэлбэрийн боомын үед арьс загатнаж толбо гарч гүвдрүү үүсч улмаар цэврүүтэж эмзэглэлшүй хар тав тогтож их хэмжээний хаван үүснэ.

Дам халдвар

Хос далавчтан шумуул, хөхтүрүү гэх мэтийн амьтан халдвартай амьтны цусыг сорж халдвар авч улмаар хүнд халдвар дамжуулах нөхцлийг бүрдүүлнэ.

Боом өвчний сэргийлэлт

  • Газрын хөрсөнд боомын нян хэдэн арван жилээр хадгалагддаг тул малчид, тариаланчид, газар шорооны ажил эрхлэгчид  арьсыг шалбалах, гэмтээхээс болгоомжлох
  • Үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй байх, шатааж устгах, ил задгай хаяхгүй байх
  • Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг  сайтар боловсруулж хэрэглэх
  • Зайлшгүй шаардлагаар үхсэн, өвчилсөн мал, амьтантай харьцах үедээ хамгаалах хувцас өмсөх
  • Боомын голомттой нутгийн хүн ам, малыг боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах
  • Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах
  • Боомын өвчлөл гарсан малын хашаа хороо, өтөг бууц, хэвтрийг халдваргүй болгох ажлыг мал эмнэлгийн хяналттайгаар хийх
  • Мал үхсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад хандаж үхсэн шалтгааныг тогтоолгох

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Боом өвчний сэжигтэй ба халдвартай өвчтөнөөс эмчилгээ эхэлхийн өмнө сорьц авна.

Арьсны хэлбэрийн үед:  шархны тав, тавны ёроолын шүүдэс, цэврүүний хальс, цэврүүний шүүдэс гадаргыг 70%-ын спиртээр сайтар арчиж цэвэрлээд, ариун физилогийн уусмалаар арчина. Хагарсан хатиг, цэврүү, шархны шүүдэс, тавыг арьснаас бага зэрэг хөндийрүүлэн шархны доод гадаргаас ариун савханд шингээн аваад 1-2 мл зөөвөрлөлтийн орчинд хийнэ.

Уушгины хэлбэрийн үед: залгиурын арчдас, цэр, цээжний хөндий шингэнээс авна.

Гэдэсний хэлбэрийн үед: цээж, хэвлийд хуралдсан шингэн, залгиурын арчдас, бөөлжис, өтгөнөөс авна.

Үжил хэлбэрийн үед: цуснаас авна.

Мэнэнгийн хэлбэрийн үед: тархи нугасны шингэнээс авна.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter