Зоонозын өвчнүүд
Галзуу өвчин
15494

Галзуу өвчин нь өвчтэй адгуусан амьтдаас хүнд халдварладаг, вирүсийн хурц халдварт өвчин юм.

Эмнэлзүйн хувьд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс болж хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсч улмаар саажилт болж, богино хугацаанд үхлээр төгсдөг өвчин юм.

Үүсгэгч

Рабдовирүс овгийн Лиссавирүсийн төрлийн вирүс. Энэ вирүсийн нэг тал нь хавтгай төгсгөлтэй нөгөө тал нь мохоо төгсгөлтэй байдаг онцлогтой. Вирүсийн биологийн онцлог нь мэдрэлийн системийг гэмтээдэг, тархи, нугас, шүлсний булчирхайд хуримтлагддаг төдийгүй хувирч өөрчлөгддөг шинжтэй. Галзуугийн вирүс 1-6 хүртэл 6 хүрээтэй. Галзуугийн вирүсийн мембранд глюкопротейны эсрэгтөрөгч байдаг. Энэ эсрэгтөрөгч нь вирус саармаржуулдаг эсрэгбие үүсгэдэг. Рабдовирүс нь амьд эсийн цитоплазмд үржинэ. Энэ вирүс нь геномын хувьд 11932 нуклеокапсидаас тогтоно.

Тархалт 

Дэлхий дахинаар тархсан.  Галзуу бол ихэнхдээ амьтны өвчин бөгөөд одоогоор  амьтны популяцид  галзуу байхгүй нутаг оронд Австралийн ихэнх нутаг, номхон далайн баруун эрэг,  баруун Европын ихэнх орон , Карибыг оролцуулан Латин Америкийн хэсэг багтаж байна.

Халдварын эх уурхай

Галзуу чоно, нохой, муур цөөн тохиолдолд үхэр, адуу, гахай, хонь

Халдварлалт

Өвчтэй амьтанд хазуулж шүлсдүүлснээс халдварлана.

Улиралчлал

3-12 сард өвчлөл гардаг. 3, 9 сард илүүтэй тохиолдоно.

Чононд хазуулсан хүн хамгийн хүнд байх ба тэгээд ч олон тооны шархтай болдог учир хазуулсан болгон өвчилдөг. Хазуулсан шархаар галзуу өвчний вирүс биед ордог.

Эмнэлзүй

Өвчний нууц үе нь 12-90 хоног. Цөөн тохиолдолд 1 жил хүртэл үргэлжилж болдог. Нууц үеийн хугацаа нь харилцан адилгүй байгаа нь шархны их, бага, байрлалаас хамаарна. Төв мэдрэлийн тогтолцоонд хэдий чинээ ойр, шарх олон тоотой, гүнзгий байвал нууц үе нь төдий чинээ богино байдаг. Үүнээс гадна нууц үе урт байх нь уг хүний биеийн эсэргүүцэл, мэдрэлийн тогтолцооноос хамаарна.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Эмгэг судлалын шинжилгээнд уртавтар тархи, бага тархи, аммоны эвэр, нугасны дээд хэсэг, шүлсний булчирхай, бөөрний дээд булчирхайн зэрэг эрхтэнээс 3*3 см хэмжээтэй сорьц авч, 50%-ийн ариун глицериний уусмалд хийж, сорьцтой шилэн савыг мөс бүхий саванд хийж хөдөлгөөнгүй байрлуулан лацдаж битүүмжлэн 48 цагийн дотор холбогдох газар хүргүүлнэ.  

Оношилгоо

Оношийг тогтооход амар биш. Юуны өмнө хэдийд, хаана, ямар амьтанд хазуулж, шүлсдүүлсэн талаар тархвар судалгааны асуумжыг сайтар лавлаж мэдэх, өвчтөнд илэрч буй эмнэлзүйн шинж тэмдэг дээр тулгуурлан онош тавина. Сүүлийн үед хүзүүний арьснаас дээж авч флюоресценцийн буюу дархан туяарах аргаар вирүс илрүүлж оношийг хэдэн цагийн дотор тавьж болно. Түүнчлэн эдийн өсгөвөрт вирус саамагжуулах урвалаар серологи шинжилгээ хийнэ. Нас барсан тохиолдолд тархинаас авсан эд ба аммоны эвэрт негрийн биенцэр олох ба гистологийн шинжилгээ хийнэ.

Ялгах оношилгоо

  • Татран өвчин
  • Атрохнин ба стрихнины хордлого
  • Хордлого
  • Тархины үрэвсэл
  • Янз бүрийн гаралтай энцефалит

Эмчилгээ

Зөвхөн шинж тэмдгийн дагуу эмчилгээг хийнэ. Өвчтөнг дуу чимээгүй, харанхуй өрөөнд хэвтүүлнэ. Биед үүссэн шарханд мэс заслын анхны цэвэрлэгээ хийнэ. Сэтгэл хөөрлийг зогсоох эмчилгээг юуны түрүүнд хийнэ. Үүнд : Хлоралгидратаар бургуй тавих, Сульфат магнийн 25%-ийн уусмалыг зохих тунгаар булчинд тарих, сэтгэц тайвшруулах: аминазин, диазепам, промедол, димедрол, супрастин, морфин зэргийг хэрэглэдэг. Үүнээс гадна зүрх судсыг дэмжсэн, шингэн нөхөх эмчилгээг хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Урьдчилан сэргийлэх ажлыг нийтийн ба хувийн чиглэлээр явуулна. Хазуулсан тохиолдолд галзуугийн эсрэг вакцин, ийлдэс хийнэ.

Сэргийлэх арга хэмжээ

Сэргийлэлт

  • Халдвар нутагшмал бүс нутагт нохойг гэрчилгээжүүлж, бүртгэж, дархлаажуулах
  • Эзэнгүй гудамжны золбин амьтдыг устгаж, аюулгүй булах үйл ажиллагаа хийх
  • Оношилгоог цаг алдалгүй хийлгэж,  мэргэжлийн байгууллагад хандах

Хүн хазсан, ямар ч  эрүүл гэрийн тэжээмэл нохой  ба муурыг 14 хоног уяж, хяналтанд байлгах.  Золбин  гудамжны амьтан хүн хазсан тохиолдолд шууд устгаж, галзуу өвчтэй эсэхийг шинжлэх. Галзуу амьтан хазсан, дархлаажуулаагүй нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтныг шууд устгана. Хэрэв амьтныг хорионд байлгахаар шийдвэл 6 сараас доошгүй хугацаагаар мал эмнэлгийн хяналтанд байлгах шаардлагатай. Суллахаас 30 хоногийн өмнө дархлаажуулна

Урьдчилан сэргийлэх 

  • Эрсдэл бүхий хүмүүс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх
  • Амьтанд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь амьтан тэжээгч  эздээс эхэлдэг.
  • Өөрийн амьтнаа вакцинд хамруулснаар иргэн өөрийгөө болон олон нийтийг хамгаалж чадна.
  • Зэрлэг болон хараа хяналтгүй амьтдаас сэрэмжил
  • Өвөрмөц  бус эмчилгээ шархыг  тэр даруйд нь савантай  усаар сайтар угааж цэвэрлэнэ,
  • Дараа нь 70 % спирт, иод повидон иодын уусмалыг түрхэнэ. Оёдол тавих шаардлагатай бол дархан ийлдсээр шавьшисны дараа тавина.

Өвөрмөц эмчилгээ

Галзуугийн эсрэг вакцин , ийлдэс заавар журмын дагуу хийнэ.

Галзуурсан нь тодорхойлогдсон мал, амьтанд уруулж, ноцуулсан болон хүнд хэлбэрийн шархтай хүнд галзуу өвчний эсрэг вакциныг ийлдэстэй хавсруулан зааврын дагуу заавал тарьдаг.

Вакциныг зааврын дагуу 3-6 удаа хийдэг. Урьдчилан сэргийлэх тунгаар 3 удаа. Бусад үед бүрэн тун вакцины төрлөөс шалтгаалан 5 болон 6 удаа хийгддэг. Ийлдэс нь биеийн жинд ноогдох хэмжээгээр бодож 1 удаа тарьдаг.

Галзуугийн хяналтын холбоо (Alliance for Rabies Control) болон АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв (Centre for Disease Control and Prevention)-өөс санаачлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг “Дэлхий дахинд галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх өдөр” болгон 2007 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. Өдгөө 135 оронд энэ өдрийг тэмдэглэж, “галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой”  гэдгийг дэлхийн олон мянган хүмүүст хүргэдэгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter