Зоонозын өвчнүүд
Холер (Cholera A00)
16054

Холер нь бөөлжиж, суулгах шинж тэмдгээр илэрч богино хугацаанд ус, эрдсийн солилцооны хямралд хүргэдэг цочимог халдварт өвчин.
V. cholerae O 1, V. cholerae O 139 гэсэн 2 ийлдэс хүрээний вибрион хүнд өвчлөл үүсгэдэг ба грам сөрөг 1.5-3.0х 0.2-0.6 мкм хэмжээтэй таслал маягийн хэлбэртэй, хөдөлгөөнтэй, бүрээс үүсгэдэггүй, агаартан нян. Холерийн вибрионууд шүлтлэг орчинд 37 хэмийн дулаанд эрчимтэй үржих бөгөөд буцалгахад 1 минутын хугацаанд халдваруулах чадвараа алдаж, хлор агуулсан халдваргүйтгэлийн бодисын нөлөөнд тэсвэр муутай байдаг. Гадаад орчинд тэсвэртэй, тасалгааны хэмд хадгалсан хоол хүнсэнд 2-5 хоног, жимс болон ногоонд 8 цаг хүртэл хадгалагдана. Вибрион задрахдаа хэд хэдэн хорт нэгдлүүдийг ялгаруулдаг, энэ нь халуунд тэсвэртэй, хүчтэй дотор хор, халуунд тэсвэр муутай гадар хор буюу холероген ялгаруулдаг. Ампициллин, левомицетин болон тетрациклины төрлийн антибиотикт мэдрэг.

Тархалт:
Дэлхий дахинд:
Дэлхий дээр холерийн 7 цар тахал гарч, сүүлчийнх нь 1961 оноос өнөөг хүртэл үргэлжилж, 2 сая орчим хүнийг өвчлүүлээд байна. ДЭМБ-ын мэдээгээр 2014 онд дэлхийн бүх тивд холерийн хүний өвчний тохиолдол гарч, 45 улсад 101957 хүний өвчлөл бүртгэгдсэн бөгөөд урд хөрш хятад улсад 53 тохиолдол бүртгэгджээ.
Монголд:
Манай улсад 1996 онд холерийн халдвар гаднаас зөөвөрлөгдөн ирж, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоноос эхлэн улмаар Алтанбулаг, Зүүнбүрэн, Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд, Сулинхээр, Орхон, Дархан-Уул аймгийн 10 сум, Улаанбаатар хотын 1 дүүрэгт 178 хүн өвчилж, нас баралт 12 гарч, өвчлөл дэгдэлт байдлаар тархжээ.

Тархвар судлал:
Өвчтөн ба эрүүл нян тээгч нь халдварын эх уурхай болно. Холерын вибрионоор бохирлогдсон ус, хоол хүнсний бүтээгдэхүүнийг түүхий болон дутуу боловсруулж хэрэглэх явцад халдвар авч өвчилнө. Өвчтөнийг асрах, сувилах явцад өвчтөний ялгадас, бөөлжис болон цогцосноос халдвар авч өвчилнө. Өвчний ид үед өвчтөний 1мл ялгадсаар 108-109 хэмжээний нян гадагшаа ялгардаг. Усны зарим амьтад вибрионыг удаан хугацаагаар хадгалж байдаг байна. Өвчний нууц үе хэдэн цагаас 3-5 хоног байна. Өвчний бүх үе шатууд, эдгэрсний дараах өдрүүдэд халдвартай байх ба нян тээгчид холерын вибрионыг гадаад орчинд хэдэн сарын туршид гадагшлуулна.

Эмнэлзүй:
Хоол боловсруулах эрхтний хямралаар цочмог эхлэх ба бага зэрэг халуурч, эхэн үедээ ердийн зүйлээр, цаашдаа цагаан будааны шүүс адил, үнэргүй шингэнээр суулгана. Суулгалтын тоо улам олширч нэг удаагийн суулгалтаар 2-4 л, зарим үед түүнээс ч их хэмжээгээр шингэн алдана. Маш их хэмжээгээр суулгаж, бөөлжин шингэн алдасны улмаас кали дутагдаж таталт өгнө. Эрдэс, давсны тэнцвэр алдагдаж 5-18 цагийн дотор бодисын солилцооны хямрал, хордлого, шингэн алдалтын оворгын шинжүүд илэрнэ. Хүнд хэлбэрийн үед өвчтөн дүйнгэ, үлбэгэр буюу эсвэл тайван биш цочромтгой болно. Эмнэлзүйн суулгалт, бөөлжилт, таталт гэсэн үндсэн 3 шинж илэрнэ. Ходоод гэдэсний хурц ба архаг хямралууд, сальмонеллёз, цусан суулга, нянгийн болон металлын гаралтай хоолны хордлого зэрэг өвчнүүдээс ялган оношилно.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатны эмнэлгүүд холерын сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээний талаар төлөвлөгөө боловсруулан батлуулж, эмнэлгийн бэлэн байдлыг хангаж ажиллана. Эмч эмнэлгийн ажилтан гарыг сургаж дадлагажуулна.
  • Холерийн хяналтын шинжилгээг тогтмолжуулж, тархвар судлалын дүгнэлт гарган, хүн амыг уг халдварт өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авна.
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулна. Ялангуяа холерийн голомтот нутгаас импортолж буй хүнсний бүтээгдэхүүн, ногоо, жимс, жимсгэнд лабораторийн шинжилгээ бүхий хяналтыг сайжруулж, хүнсэнд хэрэглэж болох баталгаажилт гарган хилээр нэвтрүүлнэ.
  • Усны эх үүсвэр, нийтийн ус түгээх системийн усны хлоржуулалт, хүн амын усан хангамжийн аюулгүй байдал зэрэгт хяналт тавьж, усны аюулгүй байдлын баталгаажилт гаргана.
  • Хүн амын дунд хувийн ариун цэврийг сайжруулах, ялангуяа гарын ариун цэврийг сайжруулах талаар яриа хийх, санамж, зурагт хуудас тараах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
  • Худалдаа, хоол, хүнсний байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмд тавих хяналтыг тогтмолжуулж, тэдгээрт ажиллагсадын эрүүл мэндэд хяналт тавина.
  • Дэлхийн улс орнуудад гарч буй холерийн хүний өвчний мэдээ авч, дүгнэлт гарган ажиллана.
  • Хилийн хяналтыг сайжруулж, халдвар /өвчтөн, нян тээгч, хүнсний бүтээгдэхүүн/ зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж ажиллана.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter