ЗӨСҮТ
Таны мэдлэгт
Биологийн судалгааны арга зүй
22

Агуулга
Аливаа биологийн судалгаа бүхэн биологчийн сонирхлыг татаж, түүнийг ажиглахаас эхэлдэг. Жишээ нь: Хавдрын биологич химийн эмчилгээ хийж болохгүй хавдартай тулгараад Яагаад ийм тохиолдол байна вэ хэмээн гайхаж ажигладаг. Тэнгисийн биологич шүрэн хад бүхий түүний судалгааны талбар цайрахыг хараад мөн л гайхаж, Яагаад гэх асуултад хүрдэг.
Биологичид ажиглалтыг яаж хийдэг вэ? Харин та байгалийн талаарх ажиглалт яаж хийдэг вэ? Энэхүү өгүүлэлд биологичид болон бусад судлаачдын асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг судалгааны арга зүйн тухай өгүүлнэ.

Судалгааны арга зүй
Биологи болон бусад шинжлэх ухааны цөм нь судалгааны арга зүй гэж нэрлэгддэг асуудал шийдвэрлэх арга зам юм. Судалгааны арга зүй нь үндсэн таван шатнаас гадна дахин шалгах нэмэлт нэг шатнаас бүрдэнэ.

  1. Ажиглалт хийх
  2. Асуулт тавих
  3. Таамаглал дэвшүүлэх эсвэл шалгах боломжтой тайлбар гаргах
  4. Таамаглалд тулгуурласан төөрөг гаргах
  5. Төөргийг шалгах
  6. Дахин шалгах: Гарсан үр дүнгээр шинэ таамаг, төөргийг дэвшүүлэх

Хими, физик, геологи болон физиологи гээд шинжлэх ухааны бүх салбаруудад судалгааны арга зүйг хэрэглэдэг. Эдгээр салбар тус бүр асуудлыг өөрөөр тавьж, өөр шалгалт туршилтуудыг хийдэг. Гэсэн хэдий ч, тэд логик болон нотолгоонд тулгуурласан хариултуудыг олохын тулд үндсэн нэг арга хэрэглэдэг.
Судалгааны арга зүйн жишээ: Ажиллагаагүй шарагч
Судалгааны арга зүйг өдөр тутам бодитой болгохын тулд алхам алхмаар хийцгээе.
1. Ажиглалт хийх
Та хоёр зүсэм талх аваад шарагчид хийсэн ч талх шарагдсангүй.

2. Асуулт тавих
Яагаад талх шарагдсангүй вэ?

3. Таамаг дэвшүүлэх
Таамаг нь ямар нэг байдлаар шалгах, асуултад хариулт өгөх боломжтой байдаг. Жишээ: Дээрх тохиолдолд “Цахилгаан залгуур эвдэрсэн учир шарагч ажиллаагүй байх” гэдэг таамаг дэвшүүлье.

Энэ таамаг заавал зөв байх шаардлагагүй. Гэхдээ үүний зөв эсэхийг шалгах боломжтой таамаг юм. Эсвэл өөр таамаг ч дэвшүүлж болно.
4. Төөрөг гаргах
Төөрөг бол таамгаас гарах бидний найдаж буй үр дүн юм. Дээрх тохиолдолд “Шарагчийг өөр залгуурт залгаснаар асуудлыг шийдэх” гэсэн төөрөг гарна.

5.Төөргийг шалгах
Төөргийг шалгахын тулд ажиглах, түүнтэй холбоотой туршилт хийж болно. Жишээ: Дээрх тохиолдолд шарагчийг өөр залгуурт залгаж, ажиллаж буй эсэхийг ажиглана.

  • Хэрвээ шарагч ажиллаж байгаа бол таамаг дэмжигдэж байна.
  • Хэрвээ шарагч ажиллахгүй бол таамаг үгүйсгэгдэж байна.

Шалгалтын дүн таамгийг дэмжсэн юмуу, үгүйсгэсэн дүнтэй байж болно. Аль нь ч байсан энэ нь эцсийн баталгаа биш юм. Шалгалтанд алдаа гараагүй байсан ч бид энэ дүнд эргэлзэж, таамаглалыг үгүйсгэн, шинэ таамаг дэвшүүлдэг.
6. Дахин шалгах
Судалгааны арга зүйн сүүлчийн шат бол үр дүнг эргэцүүлэн бодож, дараагийн алхмуудаа хэрэгжүүлэхэд хэрэглэнэ.

  • Хэрвээ таамаг дэмжигдсэн тохиолдолд дахин шалгах юмуу, өөр байдлаар дахин шалгана. Жишээ: Яагаад залгуур эвдэрснийг тодруулах
  • Хэрвээ таамаг үгүйсгэгдсэн бол шинэ таамаг дэвшүүлнэ. Жишээ: Шарагчийн цахилгаан утас гэмтсэн байж болох юм гэсэн шинэ таамаг дэвшүүлнэ.

Судалгааны арга зүйг ихэнх тохиолдолд дахин давтаж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл энэ үйл явц шулуун гэхээсээ илүү цагираган хэлбэртэй. Аливаа нэг үр дүнг гаргаад тэр нь дараагийн ээлжийн асуултыг бий болгодог.
Биологичид хэрхэн судалгааны арга зүйг хэрэгжүүлдэг вэ?
Энэ өгүүллээр судалгааны арга зүйг хэрхэн хэрэглэдэг болохыг энгийн жишээгээр үзүүлсэн. Гэсэн ч та биологийн судалгаанд энэхүү арга зүйг хэрхэн хэрэглэдэгийг сонирхож болох юм. Хэрэв тийм бол дараах өгүүллүүдийг үзээрэй. Үргэлжлэл бий….

Эх сурвалж: https://mn.khanacademy.org/science/biology/intro-to-biology/modal/a/the-science-of-biology

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter