Цаг үеийн
Гахайн туузан хорхойн өвчний эсрэг тэмцэхэд тандалтын үзүүлэлтүүдийг сайжруулах хэрэгтэй байна
1881

2019 оны 01-р сарын 25. Женев – ДЭМБ гахайн туузан хорхойтох өвчин (үүсгэгч нь Taenia solium)-ийг хянахад тандалт, хяналтын шалгуур үзүүлэлтүүдийг өөрчлөн сайжруулах шаардлагатай болохыг мэдэгдлээ. Үр дүнтэй хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тархвар зүйн бодитой мэдээллүүдийн хомс байдал гол асуудал болж байна. Өвчнийг илүү сайн хянахын тулд нотлох баримтыг бий болгох, мэдээллийг илүү хялбар мэдээлэх үүднээс ДЭМБ T.solium-тай холбоотой мэдээллийн өгөгдлүүдийг Дэлхийн эрүүл мэндийн ажиглалтын төв (Global Health Observatory /GHO/)-ийн мэдээллийн санд нэмж орууллаа.

ДЭМБ-ын Анзаарагддаггүй зоонозын өвчнүүдийн багийн удирдагч Dr Bernadette Abela-Ridder “T.solium-ийн талаарх дэлхийн хэмжэээний нөхцөл байдал, хандлагыг тогтооход энэхүү үйл явдал маш чухал алхам боллоо” гээд цааш нь “Дэлхийн хэмжээний баталгаат мэдээллийн санг нэмэгдүүлэх нь хяналтын бодлогыг хэрэгжүүлэх, ядуурлаас үүдэлтэй туузан хорхойн өвчнүүдтэй тэмцэх үндэсний бодлого, орон нутгийн түвшний үйл ажиллагааг илүү сайжруулах юм” гэж тэрээр нэмж хэллээ.

Гахайн туузан хорхойтох болон мэдрэлийн цистециркоз өвчнүүдийн мэдээллийн санд ихэнх улс орнуудод үүсдэг мэдээллийн хязгаарлагдмал байдал болон бусад эрсдэлт хүчин зүйлүүдийг тусгасан. Зөвхөн мэдээлэгдэж буй тохиолдлуудын мэдээллээр зогсохгүй, тэдгээрийн халдваржилттай холбоотой бүхий л баталгаат мэдээллүүдийг тодруулах хэрэгтэй.

Улс орнуудыг гахайн туузан хорхойтох өвчний нутагшмал байдлаар нь ангилахын тулд Дэлхийн эрүүл мэндийн ажиглалтын төвд байгаа гахайн цистециркозын талаарх нийтлэлүүдэд тулгуурлсан. Мөн улс орнуудын гахайн тоо толгой, гахайн гаралтай бүтээгдэхүүнүүд, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-ын мэдээллүүд, хүний хөгжлийн тэгш бус байдлаар засварласан индекс, эрүүл ахуйн мэдээлэл, газар зүй, шашны мэдээллүүдийг хүчин зүйл болгон ангилсан1.

Улс орнуудыг дотоодын ялгавартай байдлаар нь бус, ерөнхий байдлаар нь ангилснаараа дээрх ангилал дутагдалтай болсон. Учир нь зарим улсуудын зөвхөн тодорхой нэг хэсэгт л нутагшмал голомттой байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн ажиглалтын төв

Дэлхийн эрүүл мэндийн ажиглалтын төв нь 1000 гаруй үзүүлэлт бүхий эрүүл мэндийн статистик мэдээллээр ДЭМБ-ыг хангадаг.

Тогтвортой хөгжлийн бодлогод заасан эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлүүдийг хангах хэрэгжилтэд дүн-шинжилгээ хийх зорилгоор мэдээллүүдийг боловсруулдаг. Тус бүр сэдэвчилсэн хуудас байхаар зохион байгуулагдсан, хуудас бүр дэлхийн хэмжээний нөхцөл байдал, хандлагын мэдээллээр хангагдсан, гол үзүүлэлтүүдийг ашигладаг мэдээллийн сантай, гол нийтлэлүүд болон холбогдох вэб хуудсуудтай холбох боломжтой байдаг.

Анзаарагддаггүй зоонозын өвчнүүд SDG 3.3 хэсэгт багтдаг. Дэлхийн эрүүл мэндийн ажиглалтын төвд галзуу өвчний мэдээллүүд бүртгэгдээд удаж байгаа бөгөөд гахайн туузан хорхойн өвчин 2018 оны 12-р сараас бүртгэгдэж эхлээд байна.

Өвчний тухай 

Гахайн туузан хорхойтох өвчин (taeniasis/cystecercosis) нь халуун бүсийн анзаарагддаггүй өвчнүүдийн бүлэг, анзаарагддаггүй зоонозын өвчнүүдийн дэд бүлэгт хамаарах бөгөөд Латин Америк, Зүүн өмнөд Ази, Африк тивийн Сахарын бүсийн олон оронд нутагшмал голомттой байдаг.

Гахайн туузан хорхойтох өвчний нийгэм-эдийн засгийн холбогдол нь гахайн аж ахуйг гол амин зуулгаа болгодог хүмүүсийн эрүүл мэнд, гахайн гаралтай бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнэлэмжээр голлон тодорхойлогддог.

Халдвартай гахайн махыг түүхий, шүүрхийгээр идсэнээр хүн халдварладаг. Халдварын хүчин зүйлүүд нь эрүүл ахуйн дорой байдал, ялангуяа жорлонгийн эрүүл ахуй, хангамж, усны аюулгүй байдал, шаардлага үл хангах аж ахуйнууд, махны сул хяналт, өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэгийн дутмаг байдал зэрэг болно.

T.solium-ийн авгалдай тархинд хүрч уйланхай үүсгэснээр мэдрэлийн цистециркоз өвчин болдог.

Иш таталт:

1 – Donadeu M, Lightowlers MW, Fahrion AS, Kessels J, Abela-Ridder B. Taenia solium: WHO endemicity map update. Wkly Epidemiol Rec. 2016;91:5959.

Эх сурвалж: https://www.who.int/neglected_diseases/news/surveillance-indicators-measure-progress-against-pork-tapeworm/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter