Цаг үеийн
Эмгэнэл
298

ЖИГМЭДИЙН ДЭМБЭРЭЛ

(1931-2022 он)

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн анхны амьтан судлагч Жигмэдийн Дэмбэрэл хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Ж.Дэмбэрэл нь 1931 онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн. 1950-1956 онд Монгол улсын их сургуулийг дүүргэж, 1960 онд ОХУ-ын Эрхүү хот дахь Сибир, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний төвд ‘Гоц халдварт өвчний биологич’ мэргэшлийг  эзэмшжээ.

Тэрбээр 1956-1976 онд ЭМЯ-ны харьяа Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын амьтан судлагч, байгалийн голомт эрүүлжүүлэх тасгийн дарга, ахлах эпизоотологич, 1976-1980 онд Эрүүлийг хамгаалах яамны Улсын хортон мэрэгчтэй тэмцэх товчооны дарга, 1980-2002 онд Эрүүл мэндийн яамны харьяа Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн эпизоотологийн тасгийн эрхлэгч, зөвлөх зэрэг албан тушаалыг 46 жил хашиж байсан. Энэхүү албан тушаалыг хашиж ажиллах хугацаандаа анхан шатны албан тушаал болох агнан-бэлтгэгч, лаборантаас эхлүүлэн биологи, орос хэлний хэлмэрч, удирдах ажилтан хүртэлх бүх л шатны ажил үүргийг хариуцлагатай хашиж ирсэн чадварлаг мэргэжилтэн, зохион байгуулагч байсан юм.

Тарваган тахал судлаач Ж.Дэмбэрэл нь Монгол орны 100 сая га талбайгаас 20 мянга гаруй нян тээгч, агуулагчийг шинжилгээнд оруулж шинээр тарваган тахал өвчний байгалийн 100-аад өр голомтыг шинээр илрүүлж, 10 гаруй тарваган тахал өвчний хүний өвчлөлийн голомтыг цомхотгон даржээ. Мөн бие даасан 28, хамтарсан 10 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл хэвлүүлснээс “Монгол орны тарваган тахал өвчний байгалийн голомтын тархалт, орон зайн бүтцийн ангилал”, “Байгалийн голомтыг судлах эпизоотологийн шинжилгээний мэх зүйн лавламж”, Тахлын голомтод орших хот суурингуудыг бүсчлэн хамгаалах онол арга зүй”, байгалийн голомтын нэгжийн тухай “Бүл очог” зэрэг судалгааны бүтээл туурвисан Зоонозын өвчин судлалын салбарын хойч үеийн шинэ залуу мэргэжилтэнг бэлтгэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн сурган хүмүүжүүлэгч байлаа.

Ж.Дэмбэрэл биологийн ухааны мэргэжилтэн, тахал судлаач төдийгүй харь үгсийг монгол хүний ой тойд энэгшсэн монгол үг хэлэнд орчуулан буулгагчийн хувиар монгол хэлний нэр томьёоны “ Монгол орны бүтээл тэжээвэр зэрлэг амьтанд хамаарах нэр”, Тодорхой шинжлэхүй ухааны зарим чухаг нэрийн толь бичиг зохиожээ.

Ж.Дэмбэрэлийн хөдөлмөр зүтгэлийг Төр засаг өндрөөр үнэлж  “Нийслэлийн хүндэт иргэн”, “Социалист Хөдөлмөрийн V-VIII таван жилийн гавшгай цол тэмдэг, МХЗЭ-ийн Төв хороо, ЭХЯ-ны жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнажээ.

Түүний Монгол улсад Зоонозын өвчин судлалын салбар үүсэн хөгжихөд оруулсан үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр зүтгэл, эрдэм номын гэгээн үйлс бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд тод үлдэх болно. Эх нутагтаа эргэн төрөх болтугай.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter