Зоонозын өвчнүүд
Трихинеллёз (Trichinellosis, B75)
4005

ТРИХИНЕЛЛЁЗ (Trichinellosis, B75)
Трихинеллёз нь гэдэсний туузан хорхойгоор үүсгэгддэг шимэгчит халдварт өвчин
ҮҮСГЭГЧ
Дугариг хорхойн ангийн Trichinella spiralis зүйлийн шимэгч. Газарзүйн мужлалаас хамаарч таксономийн хувьд хэд хэдэн зүйл болж хөгжсөн байдаг. Тухайлбал Африкт (T. nativa), Палеарктикт (T. britovi), Африкт (T. nelsoni) зэрэг зүйлүүд тэмдэглэгдсэн байдаг.
Зураг 1. Trichinella spiralis

ТАРХАЛТ
Дэлхийн бүх бүс бүслүүрт тархсан боловч халдваржилтын түвшнийг гаргахад ихээхэн хүндрэлтэй. Махан бүтээгдэхүүнээ хэрхэн болгож иддэгээс хамаарч өвчлөлийн тохиолдол янз бүр. Трихинеллёзын тархалт тухайн улс үндэстний хооллох соёл, ёс заншлаас ихээхэн хамаардаг. Дэлхийн 55 улсад (27.8%) трихинеллёзын халдвар бүртгэгдсэн байна.
Судалгаагаар гэрийн тэжээвэр болон зэрлэг гахайны 21,9% нь трихинеллёзын халдвартай болох нь батлагдсан байна.

Зураг 2. Трихинеллёзын дэлхий дахины тархалт

ХАЛДВАРЫН ЭХ УУРХАЙ
Зэрлэг мах идэшт амьтад болох баавгай, ирвэс, үнэг чоно, илдэв идэштэн амьтад болох гэрийн гахай болон зэрлэг гахай, мөн морь зэрэг туруутан амьтад, далайн хөхтөн амьтад өвчний халдварыг тээж байдаг.
ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ
Цист бүрхүүл бүхий амьд авгалдаатай түүхий болон шүүрхий махаар хийсэн хоолоор халдвар дамжина. Залгиураар орсон авгалдай нарийн гэдэсний хучуур эдэд очин бие гүйцэх ба авгалдай тунгалаг болон хураагуурын судсаар дамжин бүх биеэр тархана. Авгалдай булчинд бэхлэгдэн капсул бүрхүүлтэй болно. Хүнээс хүнд халдвар дамжихгүй. Халдвартай мал, амьтан сэдэн сараар ч халдварын тээгч болдог.
АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ
Бие гүйцсэн эмэгчин Trichinella spiralis завсрын эзэн болох гахай зэрэг амьтдын биед 6 долоо хоногийн турш амьдрах боловч энэ хугацаанд 1500 авгалдайг гаргана. Халдвартай амьтны махыг дутуу болгон хэрэглэх үед хүн халдвар авж. Улмаар Trichinella spiralis-ийг бие гүйцэх хүртэл нь биедээ тээн жинхэнэ эзэн болдог.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Биед орсон авгалдайн тооноос хамааран шинж тэмдэг илрэхгүй байхаас эхлээд хүнд явцтай, үхэлд хүргэх өвчин үүсгэж болно. Булчин хөндүүрлэх, өвдөх, нүдний дээд зовхи хавагнах, халуурах шинж тэмдэг өвчний эхэн үед илэрнэ. Үүний дараа заримдаа нүдний салст бүрхүүлийн дор, хумсан дор, нүдний торлог бүрхүүлд цус харвах шинж тэмдэг гардаг.
Ам цангах, их хэмжээгээр хөлрөх, жихүүцэх, ядрах, сульдах, шинж тэмдгүүд илэрч болно. Хоол боловсруулах замын шинж тэмдгүүд, тухайлбал дотор муухайрах, халуурах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах шинж тэмдэг илэрнэ. Энэ нь нүдний шинж тэмдгээс өмнө ч илэрч болно. Ихэвчлэн ремиттент хэлбэрээр халуурна. Заримдаа 40°C (104°F) хүртэл өндөр халуурч, халдварын хэмжээнээс хамааран зүрх, мэдрэлийн хүндрэлүүд өвчний 3-6 дахь долоо хоногт илэрч болно. Хамгийн хүнд тохиолдлын үед 1-2 дахь долоо хоногт эсвэл 4-8 дахь долоо хоногт зүрхний булчингийн дуталд орж нас барж болно.
Халдвар авснаас хойш 10-аас дээш хоногийн дараа их биеийн булчингаас биопсийн шинжилгээнд паразитын шохойжсон цист илрүүлж оношилно.
Өвчтөн хүндэрсэн тохиолдолд зүрх судас болон амьсгалын замын хүндрэлүүд илэрнэ. Зарим тохиолдолд нас баралтаар төгсөнө.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

  • Иргэдийн мэдлэг хандлагыг сайжруулах
  • Түүхий махыг сайтар болгож хэрэглэх. Түүхий махыг хэрчсэн, тавьсан газарт бэлэн бүтээгдэхүүн тавих, тэдгээрийг шууд хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Баталгаатай газраас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах

 

Халдвар хариуцсан баг

Нийтлэсэн огноо: 2017.07.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter