Онцлох
Баруун болон зүүн бүсийн зарим аймгуудад шувууны томуугийн хамтарсан тандалт судалгаа хийгдлээ
2882

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, ЗӨСҮТ, МЭХ-ээс бүрдсэн баг 2017 оны 06-р сарын 22-оос 07-р сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн Манхан, Увс аймгийн Завхан, Өлгий, Ховд, Наранбулаг, Тэс, Зүүнговь, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Архангай аймгийн Өгий нуур, Булган аймгийн Дашинчилэн зэрэг 5 аймгийн 11 сумдын нутагт, 07-р сарын 18-аас 07-р сарын 28-ны өдөр хүртэл Дорнод аймгийн Хэрлэн, Халхгол сумдад тус тус хамтарсан судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгаанд ЗӨСҮТ-өөс амьтан судлагч Б. Оюунбат, шимэгч судлагч Л.Пүрэвдулам оролцсон бөгөөд Төвийн захирлын 2013 оны А/50 тушаалаар баталсан “Зэрлэг шувуудыг тандах судалгааны арга зүй”-г баримтлан ажилласан.
Тандалт судалгааг батлагдсан удирдамжийн хүрээнд нүүдлийн зэрлэг шувуудын зүйлийн бүрдэл, тоо толгой, тархалтыг тогтоож, лабораторийн шинжилгээнд нөмрөг тас, бор галуу, хошуу галуу, буурал галуу, хээрийн галуу, идлэг шонхор, хүрэн толгойт цахлай, асрын алтан хараацай, зэвэн хиазат, тураг гогой, отгот шунгуур, сүүлт цагаан хөхчүү, хуруут хун, гангар хун, шилийн сар, хондон ангир, анхидал ангир, зэрлэг нугас, өвөгт тогоруу, цэн тогоруу зэрэг зүйлийн шувуудаас багалзуур, төвөнхний болон хойт сүвний арчдас авч шувууны нийт 370, шумуулын 200 дээж материал цуглуулав.
Энэ удаагийн хамтарсан тандалт судалгаа нь дээрх хоёр байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдээ дадлагажуулж чадавхжуулах, цаашдын судалгаа шинжилгээнд хамтран оролцох зэрэг салбар хоорондын олон талт үйл ажиллагаанд том алхам боллоо.

Нийтлэсэн огноо: 2017.08.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter