Зоонозын өвчнүүд
Криптоспоридиоз (Сryptosporidiosis А07.2)
3047

Тодорхойлолт:
Эгэл биетэнээр үүсгэгддэг, ходоод нарийн гэдэсний үрэвслээр илэрдэг зоонозын халдварт өвчин.

Үүсгэгч:
Эгэл биетний хүрээ, Кокцидийн дэд анги. 18 зүйл криптоспорид мал, амьтан, шувуу болон хүнд өвчлөл үүсгэнэ. C.parvum, C.andersoni, C.baileyi, C.meleagridis, C.galli зүйлээр мал, амьтад илүүтэй халдварлаж өвчилдөг байхад хүнд C.parvum, C.meleagridis нь өвчин үүсгэдэг. Зарим тохиолдолд мал, амьтанд өвчний шинж тэмдэг бараг илрэхгүй ч ооцистийг баасаараа ялгаруулж гадаад орчин, ус, хөрс, өвс тэжээл, мал маллагааны эд зүйлсийг халдварлуулна. Ооцист нь зузаан, нэгэн жигд ханатай, өнгөгүй, зуувандуу хэлбэртэй, дотроо 4 урт споржсон спороцист (4-6 мкм), үлдэгдэл бие агуулна.

Үүсгэгчийн тэсвэрлэлт:
Өтгөнд паразитын ооцист агуулагдаж, гадаад орчинд удаан хугацаанд амьд байж чадна. Ооцист нь химийн халдваргүйжүүлэгч бодисуудад их тэсвэртэй.

Тархалт:
Дэлхий дахинд:
Дэлхийн бүх газар нутагт тархсан. Амралт, тоглоомын зориулалттай усан тоглоомын газрууд, усан сэлэлтийн сан, нуур болон бохирдсон ундны ус хэрэглэсэнтэй холбоотойгоор халдвар гардаг. Хөгжиж буй улс орнуудын хүмүүсийн бараг 65%-д нь криптоспоридиозийн үүсгэгчийн эсрэг эсрэгбие тодорхойлогдсон байдаг бөгөөд Баруун Европт, АНУ-д 25-35%-тай байгаа талаар зарим судлаачид мэдээлсэн байдаг.
Монголд:
Өнөөдрийн байдлаар буюу 2017 оны эхний хагас жилд Баянхонгор, Ховд, Хэнтий, Сэлэнгэ аймагт хийгдсэн тандалт судалгаагаар үхэр, туулай хэлбэртэн, мэрэгч амьтны баас, хүний ялгадаст криптоспоридиозын ооцист (Cryptosporidium sp) илэрсэн дүнтэй байна.
Мөн ХӨСҮТ-д 2012 онд хэвтэн эмчлүүлсэн нийт 338 (2011 оны 200, 2012 оны 138) өвчтөний өтгөнийг шимэгчийн өндгийг тунадасжуулан, микроскопоор илрүүлэх, дархан туяаралт бичил харуурын болон полимеразын гинжин урвалаар шинжилж үзэхэд C.parvum-ын тархалт цочмог суулгалттай 200 өвчтөнүүдийн 7 (5.07%)-д C. parvum илэрсэн. Тархалт 1-7 насны эрэгтэй хүүхдүүдийн дунд өндөр 85.7 % (6/7) байв.
2016 онд ЗӨСҮТ-д хийгдсэн криптоспоридиозын эмнэлэгт суурилсан танадлт судалгааны ажлын үр дүнд ХӨСҮТ-өөс ирүүлсэн 94 өвчтөний өтгөний сорьцоос дархан туяаралт бичил харуурын шинжилгээ болон полимеразын гинжин урвалаар 1 сорьцод эерэг дүн үзүүлж, халдварт өртсөн болохыг тогтоосон байна.

Тархвар судлал:
Хүн, үхэр, гэрийн тэжээвэр амьтад халдварын эх уурхай болно. Ооцистээр бохирлогдсон ус, хүнс болон бохир гараар халдвар дамжих бөгөөд хүнээс—хүнд, амьтнаас—хүнд халдвар дамжин тархдаг. Хүн өөрөө өөрийгөө олон дахин халдварлуулах тохиолдол байдаг. Ахуй, гэр бүл, эмнэлэгийн орчинд халдвар дамждаг. «Аялагчдын суулгалт»-ын гол шалтгаан нь энэ өвчин болдог байна.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Сэжигтэй өвчтөний өтгөн, нас барсан бол эмгэг судлалын сорьцонд гэдэснээс дээж авна. Сорьцонд нян харах, ийлдэс судлалын шинжилгээ /ДТУ/ хийж үүсгэгчийг илрүүлнэ. Нян харах шинжилгээнд цист байгаа эсэхийг үзнэ. ДТУ шинжилгээг 4 чагтын системээр дүгнэнэ.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  1. Хувийн ариун цэвэр, ялангуяа гараа тогтмол угаах
  2. Хүн болон мал, амьтны ялгадастай бээлийтэй харьцах
  3. Жорлонг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн барих
  4. Усан сангийн хлоржуулалтанд тавих хяналтыг сайжуулах
  5. Мал, амьтантай харьцсаны дараа гараа сайтар угааж, санитолор арчих
  6. Усыг сайтар буцалгаж хэрэглэх
  7. Халдвартай байж болзошгүй хүнийг хоол хүнс бэлтгэх ажлаас чөлөөлөх
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter