Цаг үеийн
ЗӨСҮТ болон ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтын ажиллагааны үр дүн, төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт болж байна
932

“Монгол-Оросын хил орчмын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдэлийг бууруулах” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд гүйцэтгэсэн хамтарсан тандалт судалгааны үр дүн, 2018 ажлын төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтын ажиллагаа өнөөдөр буюу 2017 оны 11-р сарын 28-ны өдөр ЗӨСҮТ-д эхэллээ.
2017 онд Баян-Өлгий, Дорнод аймгуудын нутагт хамтарсан тандалт судалгааг хийсэн.
Судалгаагаар Баян-Өлгий аймгийн Монгол-Алтайн нурууны “Сийлхэм”-ийн бүлэг голомтод хамрагдах Улаанхус, Ногооннуур сумдын нутаг дэвсгэрийн тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, эпизоотийн идэвх, үүсгэгчийн тархалт, хүн амын дундах эрсдэлийг тогтоосон.
Уг тандалт судалгааны дүнд 93 эерэг сорьц илрүүлж, 23000 га талбай тарваган тахлын идэвхтэй голомттой, 36000 га талбай халдвартай болохыг тодорхойлоод байна. ЗӨСҮТ-өөс энэхүү тандалт судалгааны дүнг, ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор Балахонов Сергей Владимирович “Өвөр Байгалийн тарваган тахлын байгалийн голомтод 2017 онд хийсэн тандалт судалгаа”-ны дүнг тус тус танилцуулж, хэлэлцүүллээ.
Энэхүү уулзалтаар дээрх хамтарсан тандалт судалгааны дүнг хэлэлцэн 2018 онд гүйцэтгэх хамтарсан тандалт судалгаа болон бусад чиглэлээр ажиллах төлөвлөгөөг гаргах юм.
Мөн энэ уулзалтын үеэр Эрхүү хот дах тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн амьтан-шимэгч судлалын тасгийн эрхлэгч Корзун Владимир Михайлович, Алтайн тарваган тахал станцийн амьтан судлалын лабораторийн эрхлэгч Денисов Алексей Васильевич нар “Тарваган тахлын байгалийн голомтод хийх өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт, шимэгчгүйтгэлийн үйл ажиллагаанд орчин үеийн техник, химийн бодисыг хэрэглэх нь”, “Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутагт тарваган тахлын халдварын өндөр эрсдэл үүссэн нөхцөлд хяналт сэргийлэлтийн арга хэмжээнд газар зүйн мэдээллийн технологийг хэрэглэх нь” зэрэг сэдэвт сургалтыг ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд зохион байгуулах юм.
Уг уулзалт 2017 оны 11-р сарын 28-аас 12-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Нийтлэсэн огноо: 2017.11.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter