Таны мэдлэгт
Европ ба Туркэд шимэгчээр үүсгэгдэх элэгний өвчнүүдтэй тэмцэх шинэ арга зам шаардлагатай байна
1192

2018 оны 8-р сарын 31. Женев. Болгар, Румын, Турк улсад салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд уйланхайт бэтэг өвчний шинж тэмдэг илрээгүй, тодорхойгүй, эмнэлгийн эмчилгээ, оношилгоонд хамрагдаж байгаагүй хүмүүст илрүүлэг судалгааг гүйцэтгэжээ. Судалгаагаар гурван улсын хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн дундах бэтэг өвчний тархалтыг үнэлсэн байна.

“Олон төвт энэхүү судалгаа анх удаа хийгдэж байгаа бөгөөд судалгаагаар тогтоогдсон халдвартай хүмүүсийн тоо нь ДЭМБ-ын Европын бүс дэх бэтэг өвчний өнөөгийн нөхцөл байдлыг харуулж байна” гэж ДЭМБ-ын Уйланхайт ба Цулцант бэтэг (хүн ба амьтны)-ийн Тархварзүй,  илрүүлэг, хяналтын төвийн захирал Dr Adrianno Casulli хэллээ. Мөн тэрээр “Хөдөө орон нутгуудад хяналтын шинэ бодлогыг нэвтрүүлэх шаардлагатай” болохыг чухалчиллаа.

Судалгаанд хамрагдсан улс бүрийн бүх насны иргэдээс дотоод эрхтнүүдийн амьд (идэвхитэй) уйланхай илэрчээ. Бэтэг өвчинтэй гэж оношлогдсон буюу сэжигтэйгээр бүртгэгдсэн хүмүүсийг тухайн улсуудын эрүүл мэндийн байгууллагуудад хандуулжээ.

Тандалт судалгааг нэмэгдүүлэхээс гадна олон улсын байгууллагууд Европын Комисстой хамтран хүн, амьтны уйланхайт бэтгийн мэдээллүүдийг эрүүл мэндийн шинэ бодлогод тусгах хэрэгтэй болохыг Dr Casulli нэмж хэллээ.

“ДЭМБ-ын уйланхайт бэтэг өвчнийг устгах замын зураглалд заасан үзүүлэлтийн дагуу хэт авиан оношилгоогоор тохиолдлуудыг тогтоож, нарийвчилсан зураглал, тархалтын үнэлгээг хийсэн” гэж ДЭМБ-ын хамтрагч Уйланхайт бэтэг өвчний эмнэлзүйн менежментийн төв, Итали улсын Павиагийн их сургуулийн Dr Francesca Tamarozzi  хэлээд цааш нь “Бидний судалгааны дүнд нутагшмал газар нутгуудын эмч нарын мэдлэг сайжирахаас гадна  нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний талаарх тохиолдлын мэдээлэл, зардал-үр ашгийн дүн шинжилгээнүүд сайжирна” гэлээ.

Судалгааны ажил HERACLES төслийн нэг хэсэг бөгөөд хэт авиан оношилгооны дүнд тулгуурласан. 2 жилийн турш үргэлжилсэн судалгаанд Болгар, Румын, Турк улсуудын 50 тосгоны 24681 хүн сайн дураараа хамрагдсан байна.

Бэтэг өвчний тархалт, халдваржилтыг тогтоосноор нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх дарамтыг тогтоож, улмаар үр дүнтэй, зардал хэмнэлттэй урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг төлөвлөхөд ач холбогдолтой.  

Өндөр эрсдэл бүхий нутгуудад дэлгэрэнгүй шинжилгээг өвчний талаархи мэдлэг, боловсролын хөтөлбөрийн хамт хэрэгжүүлнэ. Уг өвчнийг хянах, устгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн амыг халдварын эрсдлийн талаарх мэдлэгтэй болгох, халдварлах замуудыг таслан зогсоох үйл ажиллагаа (эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, мал, нохойн менежментийг хэрэгжүүлэх гм)-нууд чухал ач холбогдолтой юм.

Өвчний тухай

Уйланхайт бэтэг нь зоонозын өвчин (хүн ба амьтад өвчилдөг) бөгөөд Echinococcus granulosus зүйлийн туузан хорхойн авгалдайгаар үүсгэгддэг.

Халдварын дүнд ихэвчлэн элэг болон уушгинд уйланхай үүсч, томордог. Дэлхий даяар тус өвчний тархалттай боловч мэдээлэл дутагдалтай байдаг. ДЭМБ хүний уйланхайт бэтэг өвчний хяналтыг өндрөөр анхаарч байна.

Уйланхайт бэтэг нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин бөгөөд газарзүйн бүс бүрт хяналтын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Хяналтын хөтөлбөрт хонь ба нохойнд шилжин халдварлах үүсгэгчийн амьдралын мөчлөгийг таслан зогсоох, хүн амыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх, хүний тохиолдлын илрүүлэг, мэдээллийг сайжруулахыг голлон заажээ.

Эх сурвалж:  http://www.who.int/neglected_diseases/news/new-approach-needeed-to-tackle-echinococcosis-europe/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter